Нийслэлийн онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Хадбаатар: Дөрвөн агуулгын хүрээнд өнөөдөр мэдээлэл хийнэ. Нэгдүгээрт, хүний амь нас, эрүүл мэндийн асуудал. Нийслэлийн хэмжээнд сүүлийн дөрвөн жилийн хугацаанд гал түймэр, гамшиг ослын 6750 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Үер усны 1205 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлагын 48.6 хувийг гэр хороололд гарсан гал түймэр, 28.5 хувийг нийтийн орон сууц, барилга байгууламжид гарсан гал түймэр тус тус эзэлж байна. Объектын гал түймрийн улмаас сүүлийн дөрвөн жилд 124 хүн амь насаа алдсан байна. 72.6 хувь нь шөнийн цагаар, 27.4 хувь нь өдрийн цагаар галд өртөж амь насаа алджээ.
Хоёрдугаарт, хүний өмч хөрөнгийн асуудал. Сүүлийн дөрвөн жилийн судалгаагаар гал түймрийн улмаас төрийн болон хувийн өмчид 22.7 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Үүний 90 хувь орчим нь иргэдийн хувийн өмч хөрөнгөд үүссэн хохирол эзэлж байна.
Гуравдугаарт, ой хээрийн болон шар өвсний гал түймрийн дуудлага, мэдээлэл. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ой хээрийн түймрийн таван дуудлага, шар өвсний гал түймрийн 406 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. 114 га талбай шатаж, байгаль экологид 39.5 сая төгрөгийн хохирол учирчээ. Ой хээрийн болон шар өвсний түймэр гарах шалтгаан нөхцөлийн нэгдүгээрт иргэдийн санамсар болгоомжгүй үйлдэлтэй холбоотой. Хуурайшилтын үе эхлэх гэж байна. Үүнээс иргэддээ урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулна.
Дөрөвдүгээрт, нийтийн тээвэр болон автомашин галын улмаас хохирол учирч буй асуудал. Сүүлийн дөрвөн жилд автомашин, нийтийн тээвэр галд өртсөн 502 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Нийтийн тээврийн 38 автобус, суудлын автомашин 390, ачааны автомашин 55, хүнд механизм 19 шатаж, нийт 1 тэрбум төгрөгийн хохирол учирсан статистик мэдээлэл байгаа юм. Эдгээр дөрвөн асуудлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр “Дөрвөн асуудал-Нэг шийдэл”аяныг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд 2025 оны нэгдүгээр сарын 18-19-нд хяналт шалгалтын нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж ажилласан. Нийслэлийн гэр хорооллын 196 мянган айл өрх, аж ахуйн нэгжийг хяналт шалгалтад хамруулж, заавар зөвлөгөө өгч ажилласан. Мөн өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн засаг даргын захирамжаар нийслэлд байгаа орон сууцуудыг галын аюулгүй байдлын хяналт шалгалтыг зохион байгуулж ажиллалаа.
Сар шинийн баяр дөхөж байгаа энэ үед НОБГ-аас урьдчилан сэргийлэх, анхааруулах чиглэлээр мэдээлэл хүргэхээр ажиллаж байна. Энэ аян нэг жилийн хугацаанд үргэлжилнэ.