Цаг үеийн мэдээ

Дотоод хэргийн их сургуулийн “Ахлагч” боловсролын сургуулийн “Хорих байгууллагын хамгаалалтын ажилтан” бэлтгэх мэргэжлийн сургалтын дамжааг амжилттай суралцаж, төгссөн 59 сонсогчийг харьяа хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтэс, салбар, нэгжийн сул орон тоонд томилж, тангараг өргүүллээ.

Тус ёслолын ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд, Захиргааны удирдлагын газрын дарга, хурандаа Д.Одсэр, Аюулгүй байдал, цэргийн зохион байгуулалтын газрын дарга, хурандаа П.Батзориг, Хяналт шалгалт, үнэлгээ-дотоод аудитын газрын дарга, хурандаа Б.Цогжаргал, Цахим харилцаа, мэдээлэл технологийн газрын дарга, хурандаа Г.Цэргийнхүү нар оролцлоо. 

Энэ үеэр Тэргүүн дэд дарга бөгөөд Хорих ял эдлүүлэх албаны дарга, хурандаа А.Намсаманд шинээр томилогдсон алба хаагчдад хандаж, “...Та бүхэн энэ өдрөөс эхлэн цэргийн жинхэнэ алба хаагч болж, хууль дээдлэх, хүний эрхийг хамгаалах, төрийн албаны сахилга, ёс зүйг эрхэмлэн дээдлэх нэр хүндтэй томоохон үүргийг хүлээж байна...” гэдгийг онцлоод өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэж, Төрийн цэргийн байгууллагын алба хаагчийн болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны нэр хүндийг өндөрт өргөж, дээдлэн явахыг хүсэн ерөөлөө.

Таны сурталчилгаа