2024 оны 12 сарын 27, 28-ны өдрүүдэд Монголын Бурханы Шашинтны Төв – Гандантэгчэнлин хийд дахин сэргэсний 80 жилийн ой тохиосон юм.
Гандантэгчэнлин хийд нь анх 1838 онд Тавдугаар Богд Жэвзүндамба хутагтын зарлигаар байгуулагдан, Монголын Бурханы Шашинтны төв болон өргөжсөн түүхтэй. Гэвч 1938 онд социалист нийгмийн их хэлмэгдүүлэлтийн улмаас тус хийдийн үйл ажиллагааг албан ёсоор зогсоож байв.
Хэдийгээр тухайн үед шашин шүтлэг хориглогдож байсан ч хийдийн лам хуврагууд нууцаар "Мөнхийн хурал" хурсаар, шашны уламжлалт зан үйлийг хадгалан үлдээх үйлсээ тасралтгүй үргэлжлүүлсээр байжээ.
Улмаар 1944 онд “Мөргөлийн дуган” нэрээр дахин нээгдэж, цомхон хүрээнд үйл ажиллагаагаа сэргээн явуулж эхэлсэн нь Монголын шашин, соёлын хувьд түүхэн чухал үйл явдал болсон юм.
Гандантэгчэнлин хийдийн дахин сэргэсний 80 жилийн ойн хүрээнд эрдэмтэн судлаачдын дунд эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдаж, мөн Батцагаан дуганы нэгдүгээр давхарт тус хийдийн үүсэл, хөгжил, Монголын шашин, соёлын өв, түүхийг өгүүлэх ховор гэрэл зургийн үзэсгэлэн дэглэгдсэн юм. Энэхүү үзэсгэлэн нь зөвхөн түүхэн зургуудыг дэлгэн харуулахаас гадна, Монголын шашин, соёлын гайхамшигт өвийг олон нийтэд сурталчлан таниулах онцгой ач холбогдолтой үйл явдал боллоо.
Луу жилийн онцлох мэдээллийг "Билгийн мэлмий" сониноос...