Цаг үеийн мэдээ

“Эрдэнэс Монгол” нэгдэл нь бүрэлдэхүүн компаниудын “Гүйцэтгэх удирдлагын уулзалт”-аараа нэгдлийн 2024 оны ажлын үр дүн болон 2025 оны зорилго, зорилтоо хэлэлцлээ. Уулзалтын үеэр “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Үндэсний баялгийн санг бүрдүүлэх реформ, нэгдлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлуудыг танилцууллаа. Түүнчлэн 2025 оныг “Бүтээн байгуулалтын жил” болгож буйг онцлоод, томоохон бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, экспортын орлогыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг сайжруулах чиглэлээр үүрэг даалгавар өглөө. 

2025 онд “Эрдэнэс Монгол” нэгдлийн бүрэлдэхүүн компаниуд нийт 507.1 тэрбум төгрөгийг “Чингис хаан-Үндэсний баялгийн сан”-д төвлөрүүлэх, Засгийн газрын 14 мега төслөөс “Эрдэнэс Монгол” нэгдлийн 7 төслийн хэрэгжилтийг идэвхжүүлэх зорилт тавилаа. Энэ талаар “Эрдэнэс Монгол” нэгдлийн гүйцэтгэх захирал С.Наранцогт хэлэхдээ “Хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт 14 мега төсөл зарлагдсаны 7 төсөл нь манай нэгдлийн харьяа бүрэлдэхүүний компаниудад хэрэгжих төслүүд ба санхүүжилтэд зориулж 2025 онд нэг тэрбум ам.доллар босгох шаардлагатай. Энэ хөрөнгө манай том төслүүдийн бүтээн байгуулалтад зарцуулагдах юм. Тиймээс бид 2025 оныг бүтээн байгуулалтын жил болгож байна” гэв. 

Түүнчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад нийгмийн хариуцлагын хүрээнд, Нүүрс пиролизын үйлдвэрийг Багануурын хүрэн нүүрсний уурхайг түшиглэн байгуулах бөгөөд 2026 оны III улиралд багтаан эхний модулийг ашиглалтад оруулж, хагас-коксжүүлсэн (жигнэсэн) нүүрс үйлдвэрлэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын гэр хорооллын зуухнаас гарах утааны бохирдлыг 80% хүртэл бууруулах боломж бүрдэх юм. Мөн нийгмийн хариуцлагын хүрээнд борлуулалтын орлогын 1%-иар хотын түгжрэлийг бууруулах “1-р тойрог зам” төслийн эхний хөрөнгө оруулалтыг хийхээр төлөвлөөд байгааг танилцуулсан байна. 

Таны сурталчилгаа