УИХ-ын гишүүн Д.Энхтуяа, Ж.Баясгалан, О.Саранчулуун, С.Эрдэнэбат, М.Нарантуяа нар ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрахуй, сувилахуйн асуудлаар мэдээлэл хийлээ.
УИХ-ын гишүүн Д.Энхтуяа: Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд болон энэ хорооноос УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настны асрахуй, сувилахуйн асуудлаар шинэчилсэн хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагч Ж.Баясгалан гишүүн болон бусад гишүүдийн хамтаар япон улсад энэ сарын 12-19-ний хооронд ажиллаад ирлээ. Бид хуульд судалсан асуудлуудаа тусгаж өгөх чухал ажлын айлчлал хийгээд ирлээ. Хүний эрхийн үндэсний хорооноос хамгийн сүүлд гаргасан судалгаагаар Монгол Улсад байгаа ахмад настны 47 хувь нь бие махбодын хүчирхийлэлд өртдөг. Сэтгэл санааны хүчирхийлэлд 65 хувь нь, эдийн засгийн хүчирхийлэлд 30 хувь, үл хайхрах байдал 21 хувийг эзэлж байна гэжээ. Өнөөдөр ахмадууд ганцаардаж байна, асаргаа сувилгаа хэрэгтэй байна.
Япон улсын ахмадууд ямар асаргаа сувиллын хөнгөлөлт эдэлдэг, ямар асаргаа сувилгааны үйлчилгээг авч байгаа вэ гээд судлаад танилцаад ирлээ. Судалсан зүйлээ ажил хэрэг болгож хуульд нарийн тусгах хэрэгтэй гэдэгт бид санал нэгдсэн.
УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: Монгол Улсад асрахуйн үйлчилгээний эрх зүйн орчныг сайжруулах анхдагч хууль батлагдах гэж байна. Өмнө нь долоон хуульд 1-2 заалт байсан. Бие даасан хууль юунд хэрэгтэй вэ. Монгол Улсад нийт хүн амын 10 хувь буюу 387500 өндөр настайн бий. 111200 хөгжлийн бэрхшээлтэй иргэн байна. Мөн эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүс, асрамжийн газарт асруулж буй хүмүүс гээд энэ бүх хүмүүсийн эрх ашиг хөндөгдөж байгаа юм.