Монголын эрдэс баялгийн салбарын холбоодоос өнөөдөр мэдэгдэл гаргалаа.
Монгол Улсын эдийн засгийн тулгуур багана болсон эрдэс баялгийн салбар нь ДНБ-ий 30 хувь, аж үйлдвэрийн салбарын 72 хувь, нэгдсэн төсвийн орлогын 35 хувь, нийт экспортын 94 хувь, нийт импортын 23 хувь, гадаадын хөрөнгө оруулалтын 79 хувийг дангаар бүрдүүлдэг. Энэхүү салбар нь эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хангах амин чухал үүрэгтэй.
Салбарын шууд болон шууд бус нөлөөлөл нь 1 сая гаруй иргэн, 9000 орчим аж ахуйн нэгжид ажлын байр бий болгож, улс орны эдийн засагт томоохон хувь нэмэр оруулдаг. Тиймээс салбарын тогтвортой байдал, хууль эрх зүйн таатай орчин нэн чухал юм.
Гэвч сүүлийн үед эрдэс баялгийн салбарыг чиглэсэн бодит байдалд нийцээгүй, судалгаагүй шийдвэрүүд гарч, гадаадын хөрөнгө оруулалтад сөрөг нөлөө үзүүлэх, салбарын тогтвортой үйл ажиллагааг доголдуулах эрсдэл үүсэж байна. Энэ нь эдийн засгийн тогтвортой байдалд ноцтой хор уршиг дагуулж болзошгүй.
Иймд эрдэс баялгийн салбарынхан хууль ёсны эрх, үйл ажиллагаагаа хамгаалах, нийт 75 мянга орчим ажилтны хөдөлмөрийн эрх ашгийг хамгаалах үүднээс нэгдэж, төр, засагтай нээлттэй, хариуцлагатай яриа хэлэлцээ өрнүүлэх шаардлагатай байгааг мэдэгдэж байна.
Монголын эрдэс баялгийн салбарын холбоод салбарын хөгжлийг тэнцвэртэй, хариуцлагатай авч явах, нийгэм, байгаль орчинд ээлтэй бодлого хэрэгжүүлэхийн төлөө ажиллах болно.