АНУ-ын Төрийн департамент хилийн чанадад илгээгдсэн Хойд Солонгосын ажилчид болон тэднийг ажилд авдаг, эсвэл гадаад дахь үйл ажиллагааг нь дэмждэг компани, хувь хүмүүсийн талаарх мэдээлэлд 5 сая хүртэлх ам.долларын шагнал амлаж байна.
Орон нутгийн цагаар 11-р сарын 19-нд тус департаментын "Шударга ёсны төлөөх шагнал" (Rewards for Justice) хөтөлбөрөөс X нийгмийн сүлжээгээр дамжуулан Хойд Солонгосын гадаад дахь ажиллах хүчний үйл ажиллагааны талаар мэдээлэл өгөхийг олон нийтэд уриалжээ. Төрийн департаментын мэдэгдсэнээр Хойд Солонгосын дэглэм гадаадад ажиллаж буй ажилчдыг мөлжих замаар олсон олон сая ам.долларыг цөмийн зэвсэг болон бусад үй олноор хөнөөх зэвсгийн хөтөлбөрөө санхүүжүүлэхэд ашигладаг байна. Тиймээс Хойд Солонгосыг дэмжих үйл ажиллагаанд оролцож буй хувь хүмүүсийн санхүүгийн сүлжээг таслан зогсооход туслах мэдээлэлд 5 сая хүртэлх ам.долларын шагнал олгохоор болжээ. Энэхүү алхам нь Пёньян Орос, Хятад руу олон тооны ажиллах хүч илгээх, мөн криптовалютын биржүүд рүү кибер халдлага хийх замаар орлого олох хүчин чармайлтаа эрчимжүүлж буй энэ үед тус улсын талаарх тагнуулын мэдээлэл цуглуулах ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бололтой.
Энэхүү уриалга нь дэглэмийн төлөө мөнгө олохоор гадаадад илгээгдсэн Хойд Солонгосын иргэд төдийгүй тэднийг хөлсөлж ажиллуулдаг, эсвэл гадаад дахь үйл ажиллагааг нь хөнгөвчилж дэмждэг компани, хувь хүмүүст ч мөн чиглэж байгаа юм. Холбогдох үнэн зөв мэдээлэл өгсөн хүмүүс 5 сая хүртэлх ам.долларын шагнал хүртэх болзол хангана.
"Шударга ёсны төлөөх шагнал" нь АНУ-ын Төрийн департаментын Дипломат аюулгүй байдлын албанаас хэрэгжүүлдэг үндэсний аюулгүй байдлын хөтөлбөр юм. 1984 онд байгуулагдсанаасаа хойш тус хөтөлбөр 125 гаруй мэдээлэгчид нийт 250 сая гаруй ам.долларын шагнал олгоод байна. Өмнө нь Хойд Солонгосын хууль бус санхүүгийн сүлжээг таслан зогсооход туслах мэдээлэл өгсөн хоёр хүн тус бүр 5 сая ам.долларын шагнал хүртэж байжээ. Мөн өнгөрсөн гуравдугаар сард тус хөтөлбөрөөс Хойд Солонгосын усан онгоц хоорондын хууль бус шилжүүлэн ачилтын талаарх мэдээлэлд 5 сая хүртэлх ам.долларын шагнал зарлаж байсан юм.
ТАТАР МАЙДАР







Гадаад



