Dark Light
Гадаад | 2026-11-25

УКРАИНД АНХ УДАА АЙЛЧИЛЖ БУЙ ПЕТЕР МАДЬЯР ЗЕЛЕНСКИЙТЭЙ ХАМТ ВОЛЕЙБОЛ ТОГЛОЖЭЭ

СЭТГҮҮЛЧ | ТАТАР МАЙДАР
Image

Энэ оны тавдугаар сард Унгарын Ерөнхий сайдаар сонгогдсон Петер Мадьяр үүрэгт ажилдаа орсноосоо хойш Украинд хийж буй анхны албан ёсны айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй хамт сургуулийн сурагчидтай волейбол тоглож, нөхөрсөг уулзалт хийлээ.

Хоёр орны удирдагчид Мягмар гарагт (2026.11.24) Украины баруун бүсийн Закарпатья мужийн Берегово (унгараар Берегсас) хотод байрлах унгар, украин, англи хэлээр хичээллэдэг Лайош Кошутын нэрэмжит лицей сургуульд зочилсон байна. Уулзалтын үеэр Ерөнхий сайд П.Мадьяр цагаан пүүз сольж өмсөөд талбайд гарсан бол Ерөнхийлөгч В.Зеленский ажлынхаа хар хослолтойгоо шууд тоглолтод оролцож, багийнхантайгаа гар нийлэн тоглосон нь сурагчид болон багш нарт гэнэтийн бэлэг болжээ.

Тоглолтын өмнө тэд сурагчдад Унгарын хөлбөмбөгийн домогт тамирчин Ференц Пушкаш болон Украины хөлбөмбөгийн од Андрей Шевченко нарын гарын үсэгтэй бөмбөгүүдийг дурсгал болгон бэлэглэсэн юм.

Энэ тухай Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр өөрийн албан ёсны цахим хуудсандаа дүрс бичлэгийн хамт нийтлэхдээ “Ирэх жил 125 жилийн ойгоо тэмдэглэх Берегсас хотын Лайош Кошутын нэрэмжит лицей сургуулийн унгар сурагчид болон Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй хамт бага зэрэг волейбол тоглолоо” хэмээн бичжээ.

ХОЁР ОРНЫ ХАРИЛЦААНЫ ШИНЭ ХУУДАС

Энэхүү айлчлал нь Виктор Орбаны 16 жилийн засаглалын дараа Унгарын Засгийн газрыг тэргүүлэх болсон П.Мадьярын Украинд хийж буй анхны айлчлал төдийгүй 2015 оноос хойш Унгарын Ерөнхий сайд тус улсад анх удаа хөл тавьж буй түүхэн үйл явдал юм.

Удирдагчид албан ёсны хэлэлцээнийхээ үеэр Закарпатья муж дахь унгар үндэстний цөөнхийн эрх ашгийг хангах, дэд бүтэц болон эрчим хүчний салбарт хамтран ажиллах, хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргаж дахин эхлүүлэх талаар санал солилцжээ. Айлчлалын хүрээнд тэд мөн Ужгород хотын цэргийн оршуулгын газарт амь үрэгдсэн цэргүүдийн дурсгалд хүндэтгэл үзүүлж цэцэг өргөсөн бөгөөд бүс нутагт шинээр баригдсан орчин үеийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.

Хүндэтгэл үзүүлэх ёслолын талаар Унгарын Ерөнхий сайд Петер Мадьяр өөрийн цахим хуудсандаа:

“Украины Ерөнхийлөгч В.Зеленскийтэй хамт дайнд амь үрэгдсэн украин болон унгар үндэстэн хохирогчдын дурсгалыг хүндэтгэн цэцэг өргөлөө. Энд оршуулагдсан унгар үндэстэн цэргүүдийн нэг нь тэнгисийн явган цэрэгт алба хааж байсан бөгөөд 2022 онд Орос-Украины дайн эхлэхэд хамгийн анх амь үрэгдсэн хохирогчдын нэг байсан юм. Энэхүү оршуулгын газарт манай дор хаяж арван элэг нэгтэн нойрсож байна. Би хамгийн сүүлд 2024 оны зун бөмбөгдөлтөд өртсөн Киевийн хүүхдийн эмнэлгээс буцах замдаа энд саатаж хүндэтгэл үзүүлж байсан билээ” хэмээн тэмдэглэжээ.

Харин Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский уг уулзалтын дараа өөрийн цахим хуудсандаа:

“Унгарын Ерөнхий сайд Петер Мадьярын хамт бид Закарпатья мужийн унгар иргэдийн төлөөлөл болох шашны зүтгэлтнүүд, бизнес эрхлэгчид, иргэний нийгмийн байгууллагууд болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагынхантай уулзлаа. Унгарын Ерөнхий сайдын энэхүү айлчлал ийм ажил хэрэгч, эерэг уур амьсгалд болсонд би баяртай байна. Уулзалтаар бид үндэсний цөөнхийн асуудал, боловсрол, ложистик, эдийн засаг, мөн мэдээжийн хэрэг аюулгүй байдал, энх тайван зэрэг өргөн хүрээний сэдвүүдийг хэлэлцлээ. Хоёр ард түмнийхээ сайн сайхны төлөө хоёр талын хамтарсан төслүүдээс хамгийн их үр өгөөж гаргахын тулд бид чадах бүхнээ хийх болно. Баярлалаа!” хэмээн бичсэн байна.
 

Сэтгэгдэл бичих
Нийгэм
Улс төр
Өдөр тутмын мэдээ
Эрүүл мэнд
Урлаг соёл
Спорт
Гадаад
Эдийн засаг
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.01
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.18
Үзвэрийн хувиарууд
Image
2026.12.02, 03
Үзвэрийн хувиарууд
Image
2027.03.07, 08