Сар шинийн өдрүүд тохиож байгаатай холбоотойгоор нийслэлийн Засаг даргын орлогч, Агаар, орчны бохирдол хариуцсан төслүүдийн удирдагч Д.Мөнхжаргал Тавантолгой түлш ХК болон Дүүргүүдийн холбогдох албан тушаалтнуудыг хамруулсан өргөтгөсөн хуралдаан зохион байгууллаа. Хуралдаанд НЗДТГ-ын дарга Р.Батрагчаа, НЗДТГ-ын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд, Дүүргүүдийн орлогч дарга нар, Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид, Тавантолгой түлш ХК-ийн төлөөлөл оролцож түлш борлуулалтын нөхцөл байдлын талаар зөвлөлдлөө. Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан сайжруулсан түлшний хэрэглээ нэмэгдэж, зарим борлуулалтын цэгүүдэд тасалдаж байгаатай холбогдуулан, ажиллаж байгаа цэгүүдэд түлш хүргүүлэх ажлыг зохион байгуулах шаардлага бий болжээ. Энэ хурлаар нийслэлд сайржруулсан түлшний түгээлтийг тасалдуулахгүй байх, ажиллахгүй байгаа цэгүүдэд явуулын түлш борлуулалт түгээлтийн явуулын автомашин ажиллуулахаар боллоо.
Тавантолгой түлш ХК-ийн борлуулалт, маркетингийн хэлстийн дарга Д.Миняа хэлэхдээ "Тавантолгой түлш ХК өдөртөө гурван мянган тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай. Үйлдвэрлэлийн хувьд тасалдсан асуудал байхгүй, хэвийн ажиллаж байна. Сар шинийн баяр тохиож байгаатай холбоотойгоор иргэд түлш нөөцөлж эхэлсэн нь борлуулалтын цэгүүд түлшгүй болох нөхцөл байдлыг бий болгож байна. Гэхдээ түлшгүй цэгүүдийг яаралтай түлшээр хангах ажлыг зохион байгуулна. Дүүргүүд мэдээллээ цаг тухай бүрт өгч ажиллах хэрэгтэй байна” гэв.
Нийслэлд түлш борлуулах 360 цэг байгаа бөгөөд тэдгэрийн тодрхой хувь нь түлшгүй болсон гэсэн мэдээлэл иргэдээс ирүүлжээ. Тиймээс тэдгээр түлшгүй цэгүүдийг түлшээр хангах, хяналт тавьж ажиллах чиглэлийг дүүргүүдийн холбогдох албан тушаалтнуудад чиглэл болгон өглөө. Цэгүүдийн түлшний хангамжийн талаарх зураглалыг гаргаж, түлш дууссан болон хаалттай байгаа цэгүүдэд түлш хүргүүлэх ажлыг зохион байгуулахаар боллоо. Мөн иргэд аль болох дундын цэгүүдэд очин түлш худалдан авах нь хүлээгдэл ачаалал бага гэдгийг холбогдох албан тушаалтнуудаас өгч байна. Хуралдааны дараагаар холбогдох албан тушаалтнууд түлшний цэгүүд дээр очиж ажиллан, түлш дутагдалтай байгаа цэгүүдийг түлшээр хангах ажилд хяналт тавьж ажиллахаар боллоо.
Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс