Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2020.02.24/ Улсын онцгой комисст БНСУ-тай хийж байгаа нислэгүүдэд яаралтай арга хэмжээ авах чиглэлийг өгсөн билээ. Түүнчлэн Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан БНСУ-ын нислэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл түр хугацаанд зогсоох, хязгаарлах саналыг Улсын онцгой комисст хүргүүлсэн.
Энэ хүрээнд Шадар сайд Ө.Энхтүвшингийн ахалсан Улсын онцгой комисс өнөөдөр 14.00 цагт шуурхай хуралдаан зарлаж, хуралдлаа.
Онцгой комиссын хуралдаанаас БНСУ-тай хийж байгаа ирэх, явах бүх нислэгийг тодорхой хугацаагаар зогсоох шийдвэрийг гаргалаа.
Тодруулбал, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн чиглэл болон Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалангийн гаргасан саналыг үндэслэж маргаашнаас /2020.02.25/ БНСУ-аас ирэх, явах бүх нислэгийг ирэх гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоохоор шийдвэрлэлээ.
МИАТ, ASIANA, KOREAN AIR компаниудын нислэг тус чиглэлд 7 хоногт 18 удаа үйлдэгддэг бөгөөд гуравдугаар сарын 2-ноос хойш байдлыг харгалзан шийдвэрийн хугацааг сунгах эсэхээ шийдэх юм байна.
Энэхүү шийдвэрийн хүрээнд мөн визний хугацаа нь дуусах дөхсөн иргэдээ БНСУ-ын ГХЯ-тай визний хугацааг нь зохицуулах талаар хэлэлцэж байна.