Дэлхийн таван тивийн 57 улс орны хүн амыг хамран энэ аймшигт өвчин тархаад байгаа энэ л үед одоогийн байдлаар халдвар илрээгүй манай улсыг дэлхий нийт анхааралтай ажиглаж байна. Энэ л үед иргэд дор бүрнээ анхаарал болгоомжтой, хариуцлагатай байх ёстой юм. Мөн холбогдох байгууллагууд энэ л өдрүүдэд амрах завгүй ажилласаар байгаа бөгөөд иргэд, ААН–үүд хандив дэмжлэг өргөсөөр байна.
Тэгвэл урлагийн салбараас анхдагч болж “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах улсдаа өргөх хандив, тусламжийн аянд нэгдсэнээ мэдэгдлээ. Тэрбээр гэр бүл, найз нөхдийн хамт 30 сая төгрөг хандивлаж буйгаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд гардууллаа.
Мөн өндөр настан Ж.Дашдаваа өөрийнхөө болон гэргийнхээ нэг сарын тэтгэврийн мөнгийг нэгтгэн 1 сая төгрөгийн хандив гардуулсан юм.