Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр коронавирусийн халдвар,тархалтын талаар мэдээллийг ард иргэдэд 11 цагаас өгч байгаа. Энэ үеэр иргэд болон аж ахуйн нэгжүүд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хэрэглэх хандив өгсөөр байна. Өнөөдөр “Бичил Глобус” банк бус байгууллагын зүгээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Эрүүл мэндийн яаманд 33 сая төгрөгийг хандивлалаа.
Эрүүл мэндийн сайд Д. Сарангэрэл:
“Монголын ард түмэн “COVID-19” халдвараас урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн салбараа дэмжин хандив өргөж байгаад талархаж байна. Нэг ч төгрөгийг шамшигдуулахгүйгээр эзэнд нь хүргэх болно. Хандивын мөнгийг зориулалтаар нь хэрэглэнэ. Та бүхэн итгэлтэй байж болно” гэдгийг хэллээ.
Дашрамд дурьдахад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараас ард иргэдээ хамгаалах үйлсэд тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнууд, цагдаа, онцгой байдлын алба хаагчид болон мэргэжлийн хяналтын ажилчдад тусгаарлах хувцас хэрэгслэл зэрэг шаардлагатай зүйлс олон бий.