Монголбанк нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон 50 төгрөг, 20000 төгрөгийн дэвсгэртүүдэд орчин үеийн технологи бүхий хамгаалалтын шинэ элементүүдийг оруулан шинэчлэн сайжруулж, гүйлгээнд гаргаж эхэлсэн. Иймд шинээр сайжруулан гаргаж байгаа мөнгөн тэмдэгтүүдийн нууцлах, таних элементүүдийн талаарх мэдээллийг хүргэж байна. Монгол банкны мөнгөн тэмдэгтийн ахлах эдийн засагч н.Дуламсүрэн дараах мэдээллийг өглөө.
Зө.мн : -50 төгрөг болон 20000 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг дахин шинэчлэх болсон шаардлага, үндэслэл нь юу вэ?
Д: -Монголбанк үндэсний мөнгөн тэмдэгт гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах замаар гүйлгээнд байгаа мөнгөн тэмдэгтийн зохистой бүтцийг хангах, мөнгөн тэмдэгтийн нөөцийг нь бий болгох, хадгалах, тээвэрлэх гэсэн үндсэн үүргийг хэрэгжүүлдэг. Үүний зэрэгцээ төгрөгийг хуурамчаар үйлдэх явдлыг зогсоох, түүнтэй тэмцэх тал дээр мөн анхаарч ажиллах шаардлагатай. Эдгээр үүрэг, зорилтын хүрээнд ажилласан бөгөөд Монголбанкин дахь 50 төгрөг болон 20000 төгрөгийн дэвсгэртүүдийн нөөц дуусах шатанд орсон байсан тул нөөцийг нь дахин бүрдүүлэх шаардлагатай болсон. Нэгэнт шинээр нөөц бүрдүүлж байгаа тул найдвартай байдлыг нь хангахуйцаар сайжруулах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн. Бид олон улсын хэмжээнд судалгаа хийсний үндсэн дээр хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий элементүүдийг оруулан сайжруулж, шинэчиллээ. Эдгээр мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн тэмдэгтээс төвөггүй ялгаж таних боломжтой хамгаалалтын элементүүд болох микро оптик хөдөлгөөнт гадаргуутай тууз, 3-н хэмжээст өнгө нь хувирагч элемент, харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан товгор таних тэмдэг зэргийг дурдаж болно. Шинэ 20000 төгрөгийн дэвсгэрт нь түүхэн болон үндэсний уламжлалт хэв маягийг хамгийн сүүлийн үеийн технологитой төгс хослуулсан хамгаалалтын цоо шинэ элемент агуулснаараа онцлог. Эдгээр хамгаалалтын шинэ таних тэмдгүүдийг оруулж өгснөөр монгол төгрөг хуурамчаар үйлдэгдэхээс найдвартай хамгаалагдаж, иргэд жинхэнэ мөнгөн дэвсгэртийг хялбархан таних боломжтой болж байгаа юм.
Зө.мн : - Хуурамч мөнгөн тэмдэгтийн жинхэнэ мөнгөн тэмдэгтээс хэрхэн яаж таних вэ?
Д: - Манай улсын мөнгөн дэвсгэрт хамгаалалтын 11 орчим таних тэмдэг бий. Дэлхийн улс орнуудад 4 түвшинд ангилагддаг. Нэгдүгээр түвшин нь энгийн буюу шууд хараад таних боломжтой. Хурууны үзүүрт тэмтрэгдэж мэдрэгдэх элементүүдтэй. Хоёрдугаар түвшин жижиг багажны буюу хэт ягаан туяаны гэрэлд томруулдаг шилний тусламжтай таних боломжтой. Гурав болон дөрөвдүгээр түвшний элементүүдэд төв банк болон шүүх хяналтын байгууллагуудын таних зориулалтай элементүүд байдаг.
Сайжруулалт хийгдсэн 50-тийн дэвсгэрт
Сайжруулалт хийгдсэн 50-тийн дэвсгэрт усан хээг сайжруулсан бөгөөд дэвсгэртийг гэрлийг эсрэг барихад Чингис хааны хөрөг болон МБ үсэгтэй усан хээ тод харагдана. Дэвсгэртийн нүүрэн тал баруун доод булан дахь хээн дээр байрлуулсан 50-тын Араб тоо бүхий өнгө нь хувирагч шинэ элементтэй болсон. Энэ гурван хэмжээст хөдөлгөөнтэй дээш доош налуу хөдөлгөхөд цаана нь гүн хэсэгт байх цагираг шар болон ногоон өнгөөр ээлжлэн солонгорно. Түүнчлэн харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан шинэ элементийг 50-тын дэвсгэр дээр нэмж оруулсан. Баруун зүүн ирмэг дэх 2 ширхэг ташуу товгор зураас нь 50-тын дэвсгэртийг илэрхийлэх бөгөөд хурууны үзүүрт тэмтрэгдэнэ.
20 мянган төгрөгийн сайжруулсан дэвсгэрт
Усан хээ нь нягтаршил сайтай болсон бөгөөд Чингис хааны хөрөг МБ гэсэн үсэг тод харагдана. 20 мянгатын нүүрэн талд дөрвөн морьтон баатрын дүрс бүхий өнгө нь хувирагч шинэ элементтэй болсон бөгөөд энэ нь гурван хэмжээст хөдөлгөөнтэй, дээш доош баруун зүүн тийш хөдлөх зэргээр харах өнцгийг өөрчлөхөд цаана нь байх хоёр цагираг шар болон ногоон өнгөөр ээлжлэн сонгорч харагдана. Баруун зүүн ирмэг дэх найман ширхэг ташуу товгор зураас нь 20 мянгатын дэвсгэртийг илэрхийлэх харааны бэрхшээлтэй иргэдэд зориулсан элемент бөгөөд хурууны үзүүрт тэмтрэгдэнэ. Түүнчлэн хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн хөдөлгөөнт гадаргуутай цоо шинэ туузтай болсон бөгөөд энэхүү элемэнт нь соёмбо, өлзий хээ, арга билэг, алхан хээ, Монгол банк гэсэн бичил текстүүдийг дотроо агуулсан 3 хэмжээст микро оптик хөдөлгөөнт гадаргуу юм. Дэвсгэртийг дээш доош баруун зүүн налуу хөдөлгөхөд эдгээр дүрсүүдэд нэгэн зэрэг олон тийш чиглэгдэх хөдөлгөөн илрэх бөгөөд зарим дүрсүүд цаана харагдана. Түүнчлэн арга билэг дотор эсрэг хоёр чиглэлтэй тойрог хөдөлгөөн харагдах бөгөөд хөндлөн ба босоо судлууд дээш доош баруун зүүн тийш нэгэн зэрэг байршлаа сольж эргэлдэнэ. Соёмбоны суурь бадамлянхуа цэцгийн доторх хөндлөн хоёр судал нь төв рүүгээ салж нийлнэ. Өлзий хээ доторх хөдөлгөөн үелзэж харагдана. Дэвсгэртийн ар талын баруун хэсэгт дээш доош налуу хөдөлгөхөд гялалзах өлзий хээг харах болно.
Зө.мн : - Хуурамч мөнгөн тэмдэгт үйлдвэрлэсэн, гүйлгээнд оруулсан тохиолдолд ямар хариуцлага тооцдог вэ?
Д: - Хуурамч мөнгөн тэмдэгт, үнэт цаасыг бэлтгэсэн, ашигласан тохиолдолд Монгол Улсын Эрүүгийн хуульд зааснаар хариуцлага хүлээнэ. Тухайлбал,
Эрүүгийн хуулийн 18.7 дугаар зүйл.Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах,
1.Үнэт цаас, цахим карт, төлбөрийн бусад хэрэгсэл, онцгой албан татварын тэмдэгт, санхүүгийн баримтыг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан, зөөвөрлөсөн, тараасан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2.Монгол Улсад төлбөр тооцооны хэрэгсэл болгон ашиглаж байгаа үндэсний, гадаад улсын мөнгөн тэмдэгтийг хуурамчаар үйлдсэн, хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж ашигласан, хадгалсан, зөөвөрлөсөн, тараасан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
3.Энэ гэмт хэргийг зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
4.Энэ гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн бол хуулийн этгээдийг тодорхой төрлийн үйл ажиллагаа явуулах эрх хасаж нэг зуун хорин мянган нэгжээс дөрвөн зуун мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ.
Иймээс иргэд болон хувиараа жижиг дунд бизнес эрхлэгч нарыг энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлж мөнгөн тэмдэгтийг авахдаа шалгаж үзэж байхыг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна. Мөн хуурамч мөнгөн тэмдэгт байж болзошгүй тохиолдол илэрвэл шууд цагдаагийн байгууллагад хандан шалгуулах хэрэгтэй.