ХҮН энэ хорвоод яах гэж ирдэг вэ? Сайхан амьдрах гэж, нэр алдарт хүрэх гэж, сайн сайхан, үнэ цэнэтэй зүйлсийг эдлэх гэж, нэгнээ хайрлах гэж, зовоох гэж, захирах, захирагдах гэж гээд тоочоод байвал энэ хорвоод тэмүүлэн төрөх үй олон шалтгаан бий. Харин дээрх дагалдах жижиг шалтгаануудаас илүүтэй өөрийн үргэлжлэл үр хүүхдүүддээ өсгөж хүмүүжүүлж, хүн хэмээх бодгалийн гинжин холбоог таслахгүй амьдрах хариуцлагыг хүлээх гэж энэ хорвоод хүн болж төрдөг. Гэхдээ уншигч та эндээс ХАРИУЦЛАГА хэмээх үгийг, утгыг нь гүнээ ухаараарай. Аливаа ажил хариуцлагын дор тодорхой түвшинд хүрч, үр шимийг нь хүртдэг жамтай. Тэр ч утгаар эцэг эх та өөрийн биесийн үргэлжлэл болж, үзэл бодол, үйл хэргийг тань залгамжлах жаахан үрсээ хайрлаж өсгөөрэй. Хайр гэж юу болох хайрыг хайраар нь зарцуулахад учир их бий.
Азаар биш зол заяагаар зөвхөн өөрийг тань сонгоод ирсэн үрийнхээ балчир гэгээхэн насны эс ширхэг бүхнийг хайрла. Өлгийнөөс нь өхөөрдөм үнэр ханхалсан өөдөсхөн жаахан үрээ үнэгчлэн зүүдэлж уйлахад нь үдшийн нойрондоо харамсаж уцаарлаж байсан уу?Тоолох арван хуруунд ч хүрэхгүй хэдхэн сар л та шөнөөр өндийж, нялх үрээ бүүвэйлэх болно. Харснаа авах гэж тэмүүлэн зүтгэг үр тань. Хашгичин зандрахаас илүүтэй дурласан бүхнийг нь бяцхан гарт нь атгуул. Санасанаа хүрч чаддаг, өөртөө итгэх итгэлийг энэ л үед өөртөө суулгаж байгаа нь энэ. Түмпэн сав тачигнуулж, дотор нь орж сууж, түйвээн буулгаг гэрээ. Хэдхээн жилийн дараа цэмбийсэн цэвэрхэн гэр тань нэг л тухгүй санагдаж, өсөж том болсон үр тань гуйсан ч багын гэнэн төрхөө ахиж харуулахгүй байх вий. Амандаа багтсан бүхнээ асууж, аль тааралдсан бүхнээ хамж шимэн яриг. Асуулт бүхэнд нь хариулж, өхөөрдөм хариултыг нь сонсохоор өөрөө бүхнийг хүүхдээсээ асууж бай. Өчнөөн олон жилийн дараа амьдралын элдэв асуудалд даруулсан үр хүүхдүүд тань өөдтэй олон цагаар хууч хөөрөх завыг танд гаргаж чадахгүй л болов уу.
Амттан болгоныг амсах гэж, элдэв эрээн тоглоом бүрийг эзэмших гэж хашгиран дэвслэн уйлж, газраар өнхрөн эрхлэх бяцхан сахиусан тэнгэрүүдээ загнаж бүү занчаарай. Амандаа хийх амттанаа өөрөөсөө харамлан хойш тавьж, эвий жаахан үрсдээ өгөхөөр хадгалдаг бус уу та. Өнгөтэй бүхэнд дурлан цамнаж байгаа хүүхдүүд нь өөрсдөө эцэг эх болохоороо ангаахайгаа тэжээх шувууд мэт үүр лүүгээ бүхнийг зөөх цаг ирнэ.
Өмнөө тавьсан хоолоо асгалж, эргүүлж тойруулан эргэлдүүлэн тоглож, ер бишийн энэ үйлдэлдээ баярлан инээж наадах хүүхдээ боломж олгон наадуул. Болохоосоо болохгүйн их хүлээсэнд боомилж орхидог хорвоод босон суун амьдрахаас л хойш аав ээжийнхээ гэрт боломжгүйг ч болгож амьдраг.
Хорвоод хайр бэлэглэж, хос амьдралд итгэл зөөн ирсэн энхрийхэн үрсээ хайрлах их хайр ирээдүйд үл тасран үргэлжлэх хүн төрөлхтний нандин гинжин холбоог бат бэх байлгах шим нь байх болно. Өнө олон жил мөнхөд үргэлжлэх хүйн холбоон сэжим бүхэн цэвэр ариун байх тусам холын аяыг даана. Харин хайр амтлаагүй өссөн хүүхдийн сэтгэл цэвдэгших тусам хүн хэмээх тасрашгүй үргэлжлэх бодгалийн гинжин сүлжээ голдоо зэврэн муудах болно. Хорвоод утга учиргүй зүйл нэгээхэн ч үгүй шиг үрсээ хайрлах эгэл энэ хайр хүн хүнээрээ орших байхын үндсийг услах дусал ус нь юм.
Нялх үрсийнхээ хиргүй ариун сэтгэлийг амьдралын замд гартал нь цэвэр цагаан цаас мэтээр нандигна. Та хэдэн хүүхэдтэй ч байж болно. Гэхдээ хүүхэд бүрийнхээ нялх гэнэн насыг нь хайрла. Тэд цор ганц.
Сэтгүүлч У.Дашбат