Цаг үеийн мэдээ

Арван нэгхэн настай монгол хүүгийн арван нэг хоногийн турш шигүү ойд амь зууж, алхсаар 70 гаруй километр газрыг улаан нүцгэн хөлөөрөө туулж эсэн мэнд гарсан түүх дэлхий нийтийн анхаарлын төвд орж эхэллээ.

Дорнод аймгийн Баян-Уул сумын 3 дугаар багийн иргэн, малчин Ж.Алтангэрэлийн отгон хүү Уранбаяр өнгөрсөн сарын 19-ний өдөр даагаа тарлахаар гэрээсээ гарчээ. Морь тарлаж дууссаны дараа хөтөлж явсан даагаа алдсан хүү араас нь хөөцөлдсөөр яваад шигүү ой руу орчихсон гэнэ. Хаашаа л харна, ой модноос өөр юу ч харагдахгүй газарт даагаа алдаж, хоёр дахь хоног дээрээ морио бусгахад унасан жаал хүү битүү ой дотор бүхэл бүтэн 11 хоногийг өнгөрүүлжээ. Дорнод аймгийн Онцгой байдлын газраас хүүг гурван хоног хайсан бөгөөд 4 дахь хоногт ар гэрийнхнийх нь хүсэлтээр ажлаа зогсоосон гэнэ. Дорнод аймгийн Баян-Уул сумын иргэд хүүгийн араас санаа зовж, ар гэрийнхэнтэй нь хамт 10 хоног эрж хайсан байна. Зарим нэг айл өрх нь морь гаргаж өгч тусалсан гэсэн. А.Уранбаяр хүү Баян-Уул сумын Ерөнхий боловсролын сургуулийн 5-ын "б” ангид сурдаг юм байна. Ангийн багш В.Пүрэвжил ар гэрийнхэнтэй хамт хүүг хайлцаж байсан тухайгаа мөн ярьж байсан. А.Уранбаярын хувьд сурлага сайтай, ухаалаг хүүхэд гэдгийг багш нь хэлсэн юм. А.Уранбаяр тооны хичээлдээ маш сайн гэсэн. 5 настайгаасаа хурдны морь унаж эхэлсэн юм байна. Наадмаар дааганд уралдахаар даагаа тарлаж яваад төөрчээ.

Азаар ундааны сав олж авсан хүү түүндээ булгийн ус хийж уун, мөн толгойгоо норгож алхсаар байжээ. Шөнийн цагаар алхаж, өдрийн халуунд модны ёроолд унтаж амарсаар байгаад ой шугуйд өнгөрүүлсэн 11 хоногийг давж гаран хүмүүсийн бараа харж аврагджээ.

Таны сурталчилгаа