ХАР ИРВЭС – ОПРА
Хүнд хэцүү амьдрал дунд өссөн ч өвдөг сөхрөлгүй тэмцсээр ирсэн түүний хичээл, зүтгэл, уйгагүй хөдөлмөрийг өнөөдөр дэлхий нийтээрээ үнэлдэг билээ. Энэ цагийг эзэлсэн олны танил шилдгүүдтэй халуун дотно ярилцлага хийж чадсан тэрээр яахын аргагүй энэ зууны ЯРИЛЦЛАГЫН ХАТАН ХААН билээ.
Ярилцлагын хатан хаан Опра Уинфри нь алдартай ярилцлагын нэвтрүүлгээсээ гадна эзэмшсэн өндөр боловсролоороо тэргүүнд бичигддэг бүсгүй билээ. Тэрээр "Ivy League" боловсролын төв, "Spelman"-ийн коллеж болон "Tennessee", "Harvard", "Cambridge"-ийн их сургуулиудад суралцаж, амжилттай төгссөн нэгэн юм.
Түүн шиг салбар салбарын хамгийн шилдэг гэсэн хүмүүсийг нэвтрүүлэгтэй урьж, оролцуулсан хүн тун ховор юм. Тэрээр Ричард Брэнсон, Бейонсе, Майкл Жексон, Уитни Хьюстон зэрэг олны танил эрхмүүдтэй халуун дулаан ярилцлага өрнүүлж чаджээ. Тэрээр "Попын хаан" Майклийг нэвтрүүлэгтэй урьж оролцуулах гэж олон удаа санал тавьсан ч 14 жилийн дараа Майкл түүний саналыг зөвшөөрч байсан гэдэг. Тэдний сэтгэл догдлуулам ярилцлагыг 90 сая хүн үзсэн байдаг бол дуучин Уитни Хьюстонтой хийсэн ярилцлагыг 140 сая хүн үзсэн гэх тоо баримт бий.
Нэр алдарт хүрэхийн хэрээр ашиг орлого ч арвин олж, тэрээр дэлхийн толгой баячуудын тоонд зүй ёсоор тооцогдох болжээ. Санхүүгийн хувьд санаа зовох зүйлгүй болсон тэрээр ядуу буурай амьдралтай хүмүүст тусламжийн гараа сунгаж буян үйлдэх болжээ. Түүний бусдын сайн сайхны төлөө оруулж байсан хамгийн том хөрөнгө оруулалт нь "The Oprah Winfrey Leadership" академийг ӨАБНУ-д байгуулсан явдал бөгөөд тэрээр энэхүү төсөлд 40 сая долларыг хувиасаа гаргасан байна. Нийт 20 байгууламжаас бүрдэх уг цогцолбор бүхий газар нь нийт 89 км/кв ажээ.
Өнөөдрийн байдлаар тэрээр 400 гаруй хүүхдүүдийг суруульд сургаад байгаагаас гадна эдгээр хүүхдүүдийн боловсролд 500 сая долларыг хандивлажээ. Сонирхуулахад Опра дээр дурдсан сангаас гадна "The Angel Network", "The Opra Winfrey Foundation", "The Opra Winfrey Operating Foundation" гэсэн сангуудын үйл ажиллагааг давхар хариуцан ажиллуулдаг байна.
Телевизийн салбараас түүн шиг олон шагнал хүртсэн нэгэн тун цөөхөн бөгөөд тэрээр алдарт "Emmy"-ийн шагнал гардуулах ёслолын үйл ажиллагаанаас нийт 18 шагналыг өөрийн болгоод амжсан юм. Эдгээр шагналуудын ихэнхийг "The Oprah Winfrey Show"-аар авч байжээ.
Түүний бусдын төлөө хийж буй ажил үйлсийг АНУ-аас өндрөөр үнэлж, 2013 онд хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох "Эрх чөлөөний одон медаль"-аар шагнасан юм. Опра шагнал авсан талаараа "Миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Илүү их хариуцлага ногдуулж байна гэж ойлгож байна" хэмээн хэлж байжээ.
"The Oprah Winfrey Show"-ний үеэр үзэгчдийн сэтгэлийг хөдөлгөж, догдлуулж байсан, хэзээ ч мартагдашгүй мөчүүд олон байдаг бөгөөд тэдгээрээс хамгийн итгэмээргүй гайхалтай нь Опра шууд нэвтрүүлгийн үеэр студид хүрэлцэн ирсэн үзэгчдээс нэгийг ч үлдээлгүй бүгдэд нь автомашин худалдаж, авч өгөхөөр болсон явдал байсан юм. Түүний уг гайхалтай сюрпризийг дэлхий даяар олон сая хүн үзсэн бөгөөд Чикаго хотын амбан захирагч хотын нэг гудамжийг түүний нэрээр нэрлэхээр болсон гэдгээ хүртэл хэлж байсан юм.
Дэлхийн алдартай сэтгүүлүүд болох "Time Magazine", "Forbes"-ийн зүгээс түүнийг дэлхийн хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйгээр тодорхойлж байсан бөгөөд хүмүүс энэ үйл явдлыг дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрцгөөж байсан юм. Опра энэ талаар хэлэхдээ "Цаг үргэлж бусдын ярьсан биш, өөрийнхөө итгэсэн зүйлдээ ач холбогдол өгч бай. Амжилтанд хүрэх оргилыг бүү гэрийнхээ таазаар төсөөл. Амжилт тэрнээс дээш хэдэн зуун метрийн өндөрт байгаа. Тиймээс хөдөлмөрлө, сур, мэд" гэж хэлсэн бөгөөд цааш үргэлжлүүлэн "Намайг гэдэг хүн бүхэнд баярлалаа" хэмээн талархлаа илэрхийлсэн байна.