Цаг үеийн мэдээ

Хотын төв шиг хотын зах

Олж харъя гэж хүсвэл муугаас дутахгүй сонирхолтой сайн мэдээ бидний амьдралд бишгүй олон байна. Нийслэл хотоо нэг биш олон төвтэй болгох “Гэр хорооллын инженерийн хувьсгал” хотын иргэн бүхэнд ашигтай бөгөөд шохоорхол төрүүлэх сайн мэдээ юм. Баянхошуу, Сэлбэд бүтээн байгуулалт нь эхэлж, цэцэрлэг, шугам сүлжээ, усан сан, зам, гүүр, дэд бүтэц өндийн босч байна. Энэ хавраас Дэнжийн мянга, Дамбадаржаа, удаад нь Шархад, Толгойтод салбарлан үргэлжлэх нэгэн төслөөр гэр хорооллыг инженерчлэх юм. “Гэр хорооллыг хөгжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр” төслийн  зардал мөнгө нь Азийн хөгжлийн банк, Европын Хөрөнгө оруулалтын банк, Нийслэлийн төсвөөс бүрдэж байгаа.

Арван жилийн хугацаанд, 3 үе шаттай бүтээн байгуулалт.  “Аман хуур” киноны үйл явдал, 40, 50 мянгатыг барьж босгосонтой цаг үе, хувийн өмчийг  хүндэтгэх зарчим нь өөр боловч хотыг хот болгох үр дүн нь адилхан. Нийслэлийн хүн амын 60 хувь болсон гэр хорооллынхныг нүхэн жорлон, худгийн ус зөөх, зуух, пийшин галлах аж төрлийн хэцүү  орчноос салгана. Хотын төв шиг хотын зах болгох гэж чухам юуг хэлж байгаа вэ? Онц хэрэгцээгүй бол хотын захаас хотын төвийг зорих хэрэгцээ шаардлагагүй болохыг хэлнэ. Хотын төвд л байдаг хүний хэрэгцээ хотын захад бүрдэнэ гэсэн ч болно. Цэцэрлэг, сургуульд явах, бичиг баримт хөөцөлдөх, бүр кино үзэж, кофе уух, болзоод очиход хүртэл Сүхбаатарын талбай, Төрийн ордноо тойрч гороолох түгжээг тайлахад төслийн нэг үр ашиг оршино. Гэр хорооллын гэртээ ойрхон үйлчилгээ байхад цаг, мөнгөө үрэхийг хүсэх хүн цөөрнө гэсэн үг.  Гэр хороололд “үйлдвэрлэгддэг” агаар, ус, хөрсний бохирдлын үр дагаврыг багасгах биш үндэс шалтгааныг орвонгоор нь өөрчилнө. Цэвэр бохир, халуун дулаан, инженерийн дэд бүтэц манай хотын агаар, ус, хөрсний бохирдлын уг эх үүсвэрийг арилгахад зориулан босч байна.

Инженерийн шугам сүлжээ, дэд бүтцээр гэр хорооллын алга дарам газрын үнэ цэн өсч, тэнд хувийн компаниуд барилга байшин барьж, зах зээл тэлж, биеэ даан хөгжих үндэс суурийг тавина. Хөтөлбөрийн эхний талбар байршил болсон Баянхошуунд 162 га, Сэлбэд 156 га талбайд улсын шинэ цэцэрлэг тус бүр хоёр, Дүнжингарав төвийн багасгасан хувилбар болсон Нэг цэгийн үйлчилгээтэй Бизнес инкубатор төв, 1000 шоо метр  усан сан, засмал зам, гүүр, ариутгах татуурга, үерийн далан, дэд станц зэргийг барих ажил дуусах шатандаа оржээ. Үлдсэн ажлаа энэ хавар зундаа дуусгаж, гэр хорооллын инженерийн хувьсгалын эхний шат өндөрлөнө. Баянхошуу, Сэлбэд 1000 гаруй өрх газраа чөлөөлж, нэг нь нийтийн төлөөх сайн санааны үндсэн дээр гар, бие оролцож байна.

 

Өгүүллийн өмнөх дугаарт онцлон дурьдсанчлан, газраа чөлөөлөх нь айл өрхөд сэтгэл санааны болоод эдийн засгийн ашигтай. Хашаа байшин, амбаар пин, чулуун зам, нүхэн жорлонгоо ч хөндлөнгийн аудитаар зах зээлийн ханшнаас илүү үнэлүүлэн чөлөөлж байгаа юм. Жижиг бизнес үйлчилгээтэй бол түүнийхээ ашиг орлогыг ч газар чөлөөлөхдөө үнэлүүлэн тооцож байгаа учир санал хүлээн авсан айл өрхийн 99 хувь нь зөвшөөрчээ. Хотын төв шиг хотын захад амьдрах хүсэл сонирхол хүчтэй учраас хүмүүс нийгмийн гэрээнд гарын үсэг зурцгааж байна. Хөдөөнөөс ирсэн, хотод төрсөн, эмч, багш, инженер, ажилчин, худалдаачин, үсчин, гуталчин хэн ч байж болно. Хот шиг хотод амьдрах хүсэл нь ялгаагүй адилхан учраас сайн дурын дэмжлэг илүү хүчтэй байгаа хэрэг. “Нийслэлд 1980-аад он хүртэл гэр хорооллын ормон дээр 3, 4, 1, 10 дугаар хорооллыг барьж босгосноос хойших 40 жил хийгдээгүй бүтээн байгуулалтын түүхэн ажил өрнөж байна” гэж Нийслэлийн засаг дарга, хотын захирагч С.Амарсайхан хэлж байна.

ГЭР ХОРООЛОЛД НЭЭГДЭХ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, ФИТНЕСС ТӨВҮҮД

Төслийн 2 дахь шат Дэнжийн мянга, Дамбадаржаад, тэндээсээ 3 дахь шат болгож Толгойт, Шархаданд салбарлан өргөжүүлэх зураг төсвөө баталж, газар байршлаа чөлөөлж байна. Ажил хэрэг эхэлж өрнөхийн хэрээр алдаа оноогоо дүгнэж, ахиж дээшилдэг жамаар Дэнжийн мянга, Дамбадаржаагийнхан, Шархад, Толгойтынхон төслөөс үр ашиг хүртэнэ. Дамбадаржаад хоёр цэцэрлэг, зам, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээнээс гадна Баянхошуунд үүдээ нээх цаг нь ойртсонтой адил спорт цогцолбор барина. Дэнжийн мянгад мөн спорт цогцолбороос гадна 1,57 га талбайд Цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил эхлэх гэж байна. Гэр хороололд фитнес төв ажиллана, кофе шоп нээгдэж болохыг батална. Шархад Толгойтод Бизнес инкубатор төв ашиглалтад орно. Дүүргийн засаг даргын тамгын газарт очиж, бичиг цаас хөөцөлдөхөөр явах хэрэгцээгүй болно. Цаг, мөнгө, шатахуун тосоо хэмнээ. Нэг дэд төв 100 мянган хүний ажил, амьдрах орчинд хамаарна. Дамбадаржаа, Дэнжийн мянга дахь шинэ дэд төв 200 мянган иргэний гэртээ ойрхон үйлчилгээ авах, дэд бүтцээр хангагдах, ажиллаж амьдрах, үр хүүхдээ өсгөх шинэ орчин нөхцөлийг бүтээх тооцоотой. Толгойт, Шархадыг оруулаад нийт зургаан шинэ дэд төвд 600 мянган хүнд шууд хамаатай ажил, амьдралын орчин нөхцөл бүрдэнэ гэсэн үг юм. Дамбадаржаа, Дэнжийн мянгад тус бүр хоёр цэцэрлэг барина. 240 хүүхдийн болон 150 хүүхдийн цэцэрлэг. Харин Шархад, Толгойт тус бүр нэг шинэ цэцэрлэг энэ төслөөр нэмэгдэхээс гадна цэцэрлэгт хүрээлэнтэй болно. 16,4 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хотод хүчилтөрөгч нийлүүлнэ. Толгойтод баригдаж эхлэх спорт цогцолбор Усан сантай байна.   

МОНГОЛЧУУД ӨӨРСДӨӨ ГЭР ХОРООЛЛОО ӨӨРЧИЛЖ БАЙНА

Гэр хорооллын инженерийн хувьсгал бол хийх ажил, сурах мэргэжил, авах цалин юм. Арван жилд, гурван үе шаттай хэрэгжих бүтээн байгуулалтанд өнөөдрийн байдлаар 50 гаруй монгол компанийн хоёр мянга орчим хүн ажиллаж байна. Монгол инженер, техникийн ажилчид усан сан, дулааны станц, зам, гүүр, шугам сүлжээ, үерийн далан, суваг барьж байгуулж байна. Шинэ дэд төвүүдийн Бизнес инкубатор төвд гарааны бизнест дэмжлэг үзүүлэх сургалт явуулахаас гадна Германы дэмжлэгтэй “Ур чадварыг дээшлүүлэх нь” төсөл хэрэгжиж байгаа юм. Гэр хорооллын инженерийн хувьсгалд оролцох хүсэлтэй залуучууд суралцаж мэргэжлийн үнэмлэхтэй болно. Амьдрах орчин сайжирна гэдэг дан ганц инженерийн шугам сүлжээ биш түүнийг байгуулахад оролцох ажил мэргэжилтэй хүмүүс юм. Гэр хорооллын инженерийн хувьсгал ялна. Ялах баталгаа нь илүү сайхан хотод амьдрах хүмүүсийн хүсэл сонирхолд оршино.

Г.Билгүүн

Таны сурталчилгаа