ОХУ нь дэд бүтэц өндөр хөгжсөн халдварт өвчний үед хариу арга хэмжээний туршлагатай орнуудын нэг билээ. Тиймээс БНХАУ-аас зөөвөрлөгдөн ирсэн коронавирусийн халдварын 2 тохиолдлыг бүрэн эмчилж чадсан. Өнөөдрийн байдлаар тус улсад нэг тохиолдол бүртгэгдсэн мэдээтэй байна. Иймээс бид ойрын хөршийнхөө коронавируст халдвараас сэргийлэх, оношлох, хариу арга хэмжээний туршлагаас судлахаар ЭМЯ, ГХЯ хамтран Эрүүл мэндийн дэд сайдаар ахлуулсан эмч мэргэжилтнүүдийн багийг томилон ажиллуулж байна.
Багийн гишүүд өнөөдөр Москва хотын Шереметьево нисэх онгоцны буудалд Коронавируст халдвар (COVID-19)-ын халдвар гарсан улсаас ирсэн зорчигчдод тавьж буй эрүүл мэндийн хяналт, шинжилгээний үйл явцтай нэг бүрчлэн танилцлаа.
Багийн гишүүдтэй ОХУ-д суугаа Монгол улсын элчин сайдын яам, ОХУ-ын Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах байгууллагын ажилтнууд хамтран ажиллаж байна.