Үр минь энэ орчлонд мэндэлж өөрийн чадлаараа чарлан бархирахад энэ ертөнцийн чулуу бяслаг мэт зөөлөрч, эргээ халин урсах гол мөрөн сархад шиг мэлтэрч, зүрхний ховдолд нэг л бүлээн урсгал урсаж, зүйрлэшгүй сайхнаар наран хаа нэгтээ манддаг. Хатан зүрх билүү мэт зөөлөрч, хамаг судсанд баяр өөрөө урсан лугшиж, өөрийгөө хаан мэт омогшиж байсан сэтгэл өдгөө, харц мэт сэмэрч өөрийн эрхгүй үрийг минь төрүүлсэн чинийхээ өмнө өвдөг сөгдөн борхирно. Цаг цагийн урсгал дахь миний л үргэлжлэл өөрийн үрээ харахдаа самсаа шархирч нулимс нь хоолойд торж, амьсгалаа түгжинэ.
Балчирхан үр минь хөлд орон баацганахад газрын хөрсийг хормой дэвсэн зөөллөнө, ганцхан мөчид дуу алдан бархирахад гариг ертөнцийн оддыг цээжээрээ халхлан өөрөө гэрэлтэнэ, нэгэн хоромд өвдөж хааяа шаналахад нь нууцхан нулимсаа арчин өөрөө л түүний өмнөөс зүрхээ базлан тарчилна, өөрөө өмнөөс нь өвдөн элийрнэ. Үрийнхээ инээд баясалд өөрөө л дагаж баясана, өрөөл бусдын өмнө юуг ч тоохгүй мэт ихэмсэглэнэ, гэхдээ сэтгэлдээ баярлана, хэн нэгний үрийг нь магтах магтаалд өөрөө л хөөрцөглөн дагана, хэнзхэн зүрхэндээ үрээ л ямагт харамлан, өмөөрнө. Үе үеийн минь үргэжлэл үрээ харахдаа сэтгэл нь ямагт зөөлөрч, үргэлж мөнхөд балчир байх мэт үрээ л хошуу дэвсэн эрхлүүлнэ.
Өсөж том болсон үр нь зөрүүдэлж хааяа гомдоллоход нь өр зүрхнийхээ чанадад "үр минь дээ" хэмээн сэтгэлдээ дуу алдана, өөрийг нь огт тоолгүй хэн нэгний үрд сэтгэл алдрахад нь "үр минь жаргаж байвал, өтөл би яахав дээ" гэж өмөлзөн өмөлзөж өмөөрнө, хааяа бухимдахдаа хатуурхавч, хатан зүрхнийхээ чанадад "муу үрээ хэтрүүлчих вүү дээ" хэмээн өөрийгөө л зэмлэнэ. Эр биений нь орчлон дээрх үргэлжлэл, нэгэн цагийн гэнэн араншингийнх нь дуурайлал, алдаа онооных нь хатуу дэнс алаг үрээ сэтгэлдээ л хайрлах аав. Өөрөө омогшиж амьдрах энэ л орчлонд өөрийг нь хуулж төрсөн энхрий үр нь хожим нь өөрийнх нь төлөө нулимс унагаан сэтгэлдээ шаналахад, хонгорхон үрээ хожим нь хэн болохыг нь сэтгэлдээ мэдрэх эцэг хүн.
Ямагт хошуу цорвойн эрхлүүлэхгүй ч сэтгэлийнхээ мухарт дандаа хайраар тэтгэх аав, өдөр болгон үгэлж дуулан тээр болохгүй ч өр зүрхнийхээ чанадад үргэлж хайрлан эрхлүүлэх аав, энэ л амьдралд урсан урсах хөлсөө балчирхан үрдээ зориулах эгэл эр хүн, зовлон жаргалын дэнсэнд зөвхөн зүрхэндээ л уйлах эр хүн, өөрийгөө зөвхөн үрийнхээ сайн сайхны төлөө урсах ёстой гэж ухаарсан эгэл сэтгэл, өргөн олны дундах нэр төрөө үрдээ өвлүүлж үлдээсэн "өв" гэж бардамнах эгэл сэтгэл. Ирээд буцдаг нүүдлийн шувуу шиг энэ амьдралд өөрөөрөө овоглож хэн нэгнийг үлдээсэндээ сэтгэл нь амирлах эцэг хүн. Та энэ орчлонд тэнгэрт зоргоор нисэх бүргэд шувуу, тэгэхдээ нэгэн цагт газар буун үрээ далавчиндаа үрээ нуух хун шувуу. Өөрийнхөөрөө амьдарсан эр хүн.
Г.ГАЛБАДРАХ