Өөрийн давуу талаа хөрөнгө болгож чадсан хүмүүс манай гараг дээр цөөнгүй бий. Тэдний нэг бол Кардашьяны гэр бүл юм. Олон охидтой, адал явдал буцалж байдаг тэднийг гэр бүлийн шоутай бол хэмээн Крис Женнер буюу ээжийнх нь найзууд ятгадаг байжээ. Ийнхүү хувийн амьдралаа олонд ил болгосон энэ гэр бүл асар хурдан амжилтад хүрсэн төдийгүй шоунаасаа жилд 100 гаруй сая ам доллар олдог байна. Олны танил болж амжилтад хүрсэн эгч дүүс энэ хугацаанд гар хумхин зүгээр суугаагүй бөгөөд бүгд өөрийн нэрийн брэндийг бий болгож хувийн бизнестэй болцгоосон билээ.
Тэгвэл Кортни, Хлои болон Ким Кардашьян нар хамтран KKW Fragrance брэндийн нэр дор "The Diamonds" хэмээх сүрчгийн цуглуулга гаргасан байна. Уг цуглуулгад гурван төрлийн сүрчиг багтсан бөгөөд сүрчиг бүр нь өөр өөрийн онцгой үнэр, мэдрэмжийг агуулжээ. Тухайлбал эмэгтэйлэг, тачаангуй мэдрэмж өгөх чихэрлэг жимс, цэцэгсийн найрлага бүхий ягаан өнгийн сүрчгийг Хлои бүтээсэн бол Кортни баяр баясгалантай, тайван сэтгэгдэл төрүүлэх патчули ургамал, ваниль, мэлрэг цэцгийн найрлага бүхий үнэртнийг гаргажээ.
Харин Ким Кардашьян халуун орны цэцэгс, сампагута цэцэг, наргил модны тос, заарын найрлага бүхий үнэртэнг гаргасан байна.
Ким шинэ сүрчгийн талаарх сэтгэгдэлдээ "Кортни болон Хлои нартай хамтарсан анхны сүрчгийн цуглуулгаа гаргаж буйдаа маш их баяртай байна. Цуглуулга дахь үнэртэн бүр нь бидний хувь хүнийг илэрхийлэх болно" хэмээжээ.
Олон гайхамшигтай үнэр цогцлоосон үнэртний цуглуулга 11 дүгээр сарын 8-ны өдөр худалдаанд гарахаар болжээ. Сүрчиг тус бүрийн үнэ 40 ам.доллар бол "The Diamonds" цуглуулга бүхлээрээ 110 ам.доллараар худалдаалагдахаар болжээ.