Цаг үеийн мэдээ

          Энэтхэгт өнгөрсөн аравдугаар сард дутуу төрсөн нярай охиныг шавар вааранд амьдаар нь оршуулсан байхыг нэгэн тариачин эр олжээ. Тариачин эр амьгүй төрсөн охиноо оршуулахаар явж байж.  Тэрээр 90 см орчим гүн нүх ухаж байтал хүрз нь шавар вааранд тээглэж улмар ваар цуурахад дотроос нь нялх хүүхдийн уйлах чимээ сонсогджээ. Ийнхүү бяцхан охиныг олсон байна. Охин газар доорхи вааранд гурваас дөрөв хоног амьдарсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна.  Хүүхдийн эмч нарын дүгнэснээр охин хугацаанаасаа өмнө буюу ойролцоогоор 30 долоо хоногтойдоо төрсөн байна. Эмнэлэгт хүргэх үед нярай 1,1 кг жинтэй, хэт даарсан, цусан дахь глюкозын хэмжээ буурсан, хөл гараа тэнийлгэж чадахгүй байжээ. Шавар вааранд агаар хангалтгүй  байсан ч нүхтэй учраас хүчилтөрөгч нэвтрэх боломжтой байжээ.  Одоо охин жин нэмж, өөрөө амьсгалж чаддаг болжээ.  Нярайн эцэг эхийг одоо хүртэл олоогүй бөгөөд хуулийн дагуу хэсэг хугацааны дараа хүүхдийг үрчлүүлэх гэнэ. Одоогоор охиныг Уттар-Прадеш мужийн асран хамгаалалтад аваад байна. “Мягмар гарагт /арванхоёрдугаар сарын 3-ны өдөр/ охиныг улсын эмнэлэг рүү буцаахад жин нь 2.57 кг байсан. Одоо охин угжаар хооллодог эрүүл саруул болсон” хэмээн Ханна эмч ярьсан байна.

            Өнгөрсөн аравдугаар сараас цагдаагийнхан эрүүгийн хэрэг үүсгэн охины эцэг эхийг эрэн сурвалжлах ажиллагаа эхлүүлжээ. Цагдаагийнхны үзэж буйгаар эцэг эх нь нярайг амьд гэдгийг мэдэж байсан байна. Энэтхэгт эмэгтэй хүүхдийг ялгаварлан гадуурхах үзэл их байдаг нь нууц биш. Ялангуяа ядуу айл өрхүүдэд охин хүүхэд амьдралд нь дарамт учруулдаг гэж үздэг байна. Зарим эмнэлгүүдэд хууль бусаар хүүхдийн хүйсийг мэдсэнээр үр хөндөлт хийдэг. Мөн дөнгөж мэндэлсэн охин хүүхдийн аминд хүрэх явдал ч гарсаар байгаа ажээ.

 

Таны сурталчилгаа