Шинэ жилийн сайхан дурсамжийг үлдээж, хэзээ хуучирч бүдгэрдэггүй гайхамшигтай кино бол "Гэртээ ганцаараа" гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ. Тэгвэл уг киноны шинэ хувилбар ахин хийгдэх гэж байгаа сайхан мэдээ байна. "Гэртээ ганцаараа" киноны шинэ хувилбарт тоглох жүжигчдийн нэрс хэдийнэ тодорчээ. Тодруулбал "Jojo Rabbit" кинонд тоглож байсан 10 настай Арчи Йетс, "The Office" цувралд дүр бүтээсэн жүжигчин Элли Кэмпер болон комедиан Роб Делани нар жүжигчдийн багт багтсан байна.
"Variety" сэтгүүлийн мэдээллэснээр Арчи Йетс анхны "Гэртээ ганцаараа" киноны гол баатар Кевин Маккалистер биш, харин мөн л зул сарын баяраар гэр бүлээсээ тусгаарлагдан гэртээ ганцаараа үлдэж, Кевинтэй ижил нөхцөл байдалд орж байгаа өөр нэгэн хүүгийн дүрд тоглох юм. Шинэ "Гэртээ ганцаараа" киног Их Британийн кино зохиолч, продюсер Дэн Мазер найруулахаар болсон байна. Одоогийн байдлаар уг кино хэзээ гарах нь тодорхойгүй байна.