Улсын онцгой комисс өнөөдөр өглөө яаралтай хуралдаж шийдвэр гаргасны дараа үргэлжлүүлэн нийслэлийн Онцгой комисс хуралдаж, шинэ төрлийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд авч хэрэгжүүлэх гэж буй ажлуудыг эрчимжүүлэх талаар ярилцлаа. Шаардлагатай тохиолдолд нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж өргөн хэрэглээний зах, худалдааны төвүүдийн ажлын цагийг хязгаарлах арга хэмжээг авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.
Мөн энэ сарын 17-ны өдрийг хүртэл нийтийн тээврийн үйлчилгээнд гарах автобусны тоог 50 хувиар бууруулах чиглэлийг нийслэлийн Нийтийн тээврийн газрын удирдлагуудад өглөө.
Энэ үеэр нийслэлийн Онцгой комиссын зарим гишүүнээс халдвараас урьдчилан сэргийлэхийн тулд олон хүнийг хамарсан хурал зөвлөгөөнийг онлайн хэлбэрээр хийж, түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авахыг санал гаргалаа.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Халдвараас урьдчилан сэргийлэх ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлж, шалган нэвтрүүлэх товчоодоор яаралтай тусламж авах, зайлшгүй албан ажлаар нэвтрэх иргэдээс нэг бүрчлэн асуумж авч биеийн халууныг нь хэмжиж нэвтрүүлэх ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа албан хаагчдын эрүүл ахуй байдал, хамгаалах хэрэгслээр хангаж ажиллахыг холбогдох албаныхан анхаараарай” гэдгийг онцолж хэллээ. Түргэн хоол болон хүргэлтийн үйлчилгээ эрхэлдэг иргэн, ААН-ийн үйл ажиллагааг түр зогсоох санал гаргалаа. Түүнчлэн иргэдийг олон нийтийн газраар зорчихгүй байж, хувийн ариун цэврийг сайтар хангахыг уриаллаа.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс