Улсын онцгой комиссын хуралдааны шийдвэрийг албаныхан танилцуулав. Энэ үеэр цагдаагийн хурандаа Ж.Амгалан коронавирус илэрсэн Франц улсын иргэний хавьтагч болон худал мэдээлэлтэй холбоотой тайлбар өглөө.
Цагдаагийн байгууллагаас Франц иргэний хавьтагчдыг олох, илрүүлэх ажлыг зохион байгуулсан байна. Тэд сэжигтэй тохиолдол илэрснээс эхлэн энэ ажлыг зохион байгуулсан бөгөөд хавьтагчдыг олж, ХӨСҮТ-д хүргэж байгаа аж. Цагдаагийн хурандаа Ж.Амгалангийн хэлснээр хавьтагчдыг олох ажил ерөнхийдөө дууссан олон нийтийн сүлжээгээр нэрлээд байсан иргэн н.Идэрболд Улаанбаатарт тусгаарлагдсан бол н.Мичидмаа Дорноговь аймгийн төв дээр тусгаарлагдсан байна.
Халдварын сэжигтэй бүс нутгаас ирсэн хэрнээ мэргэжлийн байгууллагынхны шаардлагыг хүлээж аваагүй, асуумжаа худал бөглөсөн Франц улсын иргэнд хариуцлага тооцох тухайд тэрбээр хэлэхдээ “Одоо хариуцлага ярихад тохиромжгүй цаг юм. Энэ хэрэг явдал намжсаны дараа хариуцлагын тухай асуудал хөндөгдөнө. Иргэддээ хандаж хэлэхэд, Франц улсын иргэнийг үзэн ядах, буруу хандлага гаргахгүй байхыг хүсье” гэлээ