Цаг үеийн мэдээ

Монгол Улсад коронавирусийн халдвар илэрсэнтэй холбогдуулан Улсын Их Хурлын удирдлага, Улсын Их Хурлын Тамгын газраас холбогдох арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж байна.

БАЙНГЫН ХОРОО, АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН ТАСАЛДАХГҮЙ ҮРГЭЛЖИЛНЭ

Улсын Их Хурлын чуулган хуулийн дагуу дөрөвдүгээр сарын 5-нд эхлэх учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэх зорилтын хүрээнд олон томоохон хуулийн төслийг энэ хаврын чуулганаар хэлэлцэн батлах юм. Төрийн байгуулалтын байнгын хороо л гэхэд Улсын Их Хурлын, Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай гэх мэт 9 томоохон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг чиг үүргийнхээ хүрээнд эрхлэн гүйцэтгэнэ.

Гэвч коронавирусийн халдвар илэрч, өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбогдуулан Төрийн ордонд Улсын Онцгой Комиссын хурлаас өөр хурал, зөвлөгөөн хийхийг түр хориглосон билээ. Үүнтэй холбогдуулан Байнгын хорооны хуралдаан, Ажлын хэсгийн хурал, хэлэлцүүлгүүдийг Төрийн ордноос өөр газар, тухайлбал, Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулах хувилбарыг сонгоод байна.

ЗАЙНААС БУЮУ ОНЛАЙНААР АЖИЛЛУУЛАХ ЗАХИРАМЖ ГАРГАЛАА

Түүнчлэн дээрх хурал, хэлэлцүүлгүүдийг цахим программ ашиглан, зайнаас явуулах боломжийг мөн бүрдүүлж байгаа юм. Улсын Их Хурлын удирдлага, гишүүд эдгээр хувилбаруудыг бүрэн дэмжиж, хуралдаануудаа хийхээр бэлтгэж эхэлжээ.

Таны сурталчилгаа