Хаврын улирал айлчилж, төл малын дуу цангинаж байгаа хөдөө нутгийн малчны хотонд ихэр ботго төрж, малчин эзнээ баярлуулаад байна.
Тодруулбал Говь-Алтай аймгийн Шарга сумын Нэгдүгээр багийн малчин Ч.Түмэннастын хотонд 3 дугаар сарын 11-ний өдөр эр, охин ботго ихэрлэн төрж, эсэн мэнд торниж байна. Ингэ ихэрлэхийг Монголчууд эрт дээр үеэс сайн цагийн эхлэл хэмээн үзэж ихэд бэлгэшээж иржээ. Энэ сайхан мэдээг сонссон нутгийн түмэн олон энх тунх цаг ирж, хамаг амьтан эрүүл энх амьдралтай золгох нь хэмээн баярлаж байна.
Ихэр ботгоны эзэн Ч.Түмэннаст нь “Сумын сайн малчин” цолтой бөгөөд Шарга сумын урдаа барьдаг сайн малчдын нэг юм. Тэднийх одоо Шарга сумын 1-р багийн нутаг Булангийн өвөлжөөнд хаваржиж байгаа аж.