УОК-ын өнөөдрийн мэдэгдлээс тоймлон хүргэе. Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Ө.Энхтүвшин, Эрүүл мэндийн яамны сайд Д.Сарангэрэл нар хүргэлээ.
Баян-Өлгий аймагт өнөөдрийн байдлаар 133 иргэн тусгаарлагдсан. 59 иргэн гэрээр хяналтад байна.
Монгол Улсад коронавирусийн дөрвөн тохиолдол бүртгэгдээд байна. Франц улсын иргэний биеийн байдал одоогоор тогтвортой.
Өчигдөр орой УОК-ын гишүүдэд коронавирусийн халдвар илэрсэн гэдэг мэдээлэл ирсэн. Үүнийг дахин нягтлаад ЭМЯ-наас олон нийтэд мэдээлсэн. Тусгай үүргийн онгоцоор ирсэн 750 орчим иргэн байгаа. Тэдгээр хүмүүсийг аль болох нэг өрөөнд цөөн хүн байхаар байранд тусгаарласан. Тэдгээр хүмүүсийг хяналтад авч, ойр ойрхон халууныг нь үзэж, оношлоод эмчлэх ажил хийгдэж байна. Иргэд тайван байх хэрэгтэй. Бид бэлтгэлээ хангасан, хяналтдаа байлгаж байна.
Мөн мэдээллийг зөвхөн УОК-оос авч байгаараа, буруу, өдөөн хатгасан, мушгисан мэдээлэл коронавирусээс илүү аюултай гэдгийг хэлье.
Халдвар авсан гурван иргэн рүүгээ дайрч, давшилж болохгүй, тайван байлгах хэрэгтэй.
Солонгосоос ирсэн хоёр хүний биеийн байдал тогтвортой. Берлинээс ирсэн зорчигчийн биеийн байдал хүндэвтэр байгаа гэдгийг ХӨСҮТ-өөс бидэнд мэдээлсэн. Мөн сургууль, цэцэрлэгийг гуравдугаар сарын 30-н хүртэл зогсоосон. Үүнийг цааш нь үргэлжлүүлэх үү үгүй юу гэдгийг БСШУЯ-наас оруулж ирнэ. Энэ асуудлыг яаралтай шийдэхийг холбогдох яаманд өгсөн гэлээ.