Энэ удаагийн дугаартаа БНХАУ–ын Бээжин хотод суралцдаг Р.Эрдэнэбатыг урилаа. Тэрээр Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдварын тархалтын оргил үед Бээжин хотод суралцаж байсан юм. Ингээд түүнээс тус улсад тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан, одоо ямар байгаа талаарх мэдээллийг сонслоо.
Зө.мн: Сайн байна уу? Та манай уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Р.Э: –Сайн, сайн байна уу? Намайг Р.Эрдэнэбат гэдэг. Бээжингийн багшийн их сургуулийн (Beijing normal university- 北京师范大学) төгсөх курсын оюутан.
Зө.мн: Тухайн оронд хэзээ очсон бэ? Хэр удаан амьдарч байна? Амьдарч буй орон (хотод) коронавирусийн халдвар хэзээ тархсан бэ?
Р.Э: – Миний хувьд 2017 оноос Хятад улсад суралцаж эхэлсэн. Энэ жил төгсөх курсын оюутан учраас дипломын судалгааны ажлаа хийхээр өвлийн амралтаараа нутаг буцаагүй. Гэтэл коронавирус Хятдадад 12 дугаар сарын сүүлээр тархаж эхэлсэн гэх мэдээллийг өвчин даамжирсан хойно л олж мэдсэн. Хөл хорио тогтоохоос өмнө иргэдийн дунд мэдээлэл төдийлөн тархаагүй, өвчний талаар ямар ч ойлголтгүй байсан. Тухайн жил Хятадын цагаан сар эрт тохиосон. 1 дүгээр сарын 24 манайхаар бол шинийн нэгэн нь болох байсан ч тухайн сарын 23-нд гэнэт засгийн газрын шийдвэрээр цагаан сарын бүх арга хэмжээг цуцалсан. Үхлийн аюултай вирус тархсан тул амны хаалт хэрэглэж, гараа тогтмол угаахыг анхааруулж эхэлсэн.
Зө.мн: Амьдарч байгаа хотод нь хэчнээн тохиолдол илэрсэн бэ?
Р.Э: –Хятад улсад коронавирусээр халдвараар нийт 81099 хүн өвчилсөн, 67872 хүн эдгэрч, 3218 хүн нас барсан байдалтай байна. Миний амьдарч байгаа Бээжин хотод452 хүн халдвар авч, 360 хүн эдгэрч, 8 хүн нас барсан. Халдвар Хятадын хүн ам шигүү суурьшсан Ухань (武汉)хотод анх тархсан бөгөөд одоо ч халдвар хамгийн ихээр тархсан голомтот бүс нутаг хэвээр байна.
Зө.мн: Халдварын үед тухайн улс (хот) ямар арга хэмжээ авч байв?
Р.Э: –1-р сарын 14-нөөс эхлээд сургуулиудын өвлийн амралт эхэлсэн тул оюутнууд ихэнх нь нутаг буцсан, сургуулийн кампуст цөөн тооны гадаад оюутнууд үлдсэн байсан. Ингээд халдвар тархсаны дараа Хятадын засгийн газар яаралтай арга хэмжээ авч хэсэгчлэн тусгаарлалт хийж эхэлсэн. Хамгийн түрүүнд Ухань хотыг бүрэн тусгаарлаж байгаагаа мэдэгдсэн. Сургуулийн кампусыг хааж гадны хүнийг нэвтрүүлэхгүй зөвхөн өөрийн сургуулийн оюутнуудаа оруулж гаргах болсон. Мөн ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж заавар зөвлөмж өгч, халуун хэмжиж байсан. 2-р сарын 7-ны өдөр манай сургуулийн кампус дотор энэ вирусийн халдвараар нэг хүн өвчилсөн болох нь тогтоогдож тусгаарлан эмчилсэн. Одоогийн байдлаар сургуулийн бүх оюутнуудыг хамруулан хаана байгаа газраас үл шалтгаалан өдөр бүр цахимаар асуулга бөглүүлдэг. Энэ нь хичээл сургууль эхлэх үед гаднаас халдвар тээн орж ирэх магадлалыг хянах зорилготой юм.
Зө.мн: Иргэд өөрсдийгөө хамгаалах ямар арга хэмжээг хэр авч байна? Анх вирусийн халдвар илэрснийг сонсоод тухайн орны иргэд болон та хэр паникт орсон бэ?
Р.Э: –Хятадын мэдээллийн бүхий л хэрэгслээр коронавирусээс хэрхэн хамгаалах талаар тогтмол заавар зөвлөгөө өгч байна. Энэ улсад урьд нь шувууны ханиад, sars зэрэг томоохон халдварт өвчин гарч байсан учир иргэд нь харьцангуй туршлагатай тайван хүлээн авч байгаа нь ажиглагдсан. Томоохон хүнсний захуудыг хэвийн ажиллуулж хүнсний хомстол үүсэхээс сэргийлж, иргэдээ өдөр бүр чанартай хоод хүнс хэрэглэж, гэрээсээ гарахгүй тайван байхыг уриалж байгаа. Миний хувьд анх удаа хорио цээрийн дэглэмд орж үзсэн учраас багагүй сандарч айсан. Гэхдээ одоо Хятадад Короновирусын дэгдэлтийн оргил үе дуусч байдал харьцангуй тогтворжиж байна.
Зө.мн: Та (гэр бүл) өөрийгөө хэрхэн хамгаалж байна?
Р.Э: –Гадаад оюутны дотуур байранд ариутгал халдваргүйжүүлэлтийг маш сайн хийж байгаа. Бид хүнсээ бэлтгэхээс өөр хэргээр гадагш гарахгүй, өрөөндөө өдөр бүр цэвэрлэгээ хийж, амны хаалт болон нэг удаагийн бээлийг тогтмол хэрэглэж заншсан. Байрнаасаа гарсан тохиолдолд гэртээ орж ирээд шууд гараа угаах, гадуур хувцсаа тусгай бодисоор ариутгах, усанд орох зэрэг арга хэмжээг авч байна. Сургуулийн зүгээс маск болон ариутгалын бодисоор хангасан. Дархлаа дэмжих зорилгоор шим тэжээлтэй ногоо, жимс оюутнууддаа үнэгүй тараасан.
Зө.мн: Халдвар тархсан улс бүхэнд хүнс, ахуйн хэрэглээний бараа, ариутгалын бодис хомсдолд орж байна. Ийм асуудал тулгарав уу?
Р.Э: –Анх тархалт эрчимтэй байх зед Хятадын цагаан сарын баярын амралт таарч үргэлжлүүлээд хөл хорио тогтоосон болохоор нэг хэсэг маскны хомстол үүссэн. Хувь хүний гар дээр зарагдаж байгаа нэг удаагийнэмнэлгийн маск өндөр үнээр дамлагдах болсон. Харин сүүлийн долоо хоногоос үйлдвэрүүд хэвийн ажиллаж эхэлсэнтэй холбогдуулан энэ байдал намжсан. Хүнс ахуйн хэрэглээний барааны хомстол үүсээгүй. Вирус тархаж эхэлсэн цагаас Хятадууд маш тайван байсан. Хүнсээ нөөцөлж хиймэл хомсдол үүсгэсэн тохиолдол байхгүй.
Зө.мн: Монгол улсынхаа нөхцөл байдлын талаарх мэдээллийг хэр авч байгаа вэ?
Р.Э: –Коронавирусийн халдвар тархаж эхэлсэн цагаас хойш Монголын элчин сайдын яам шуурхай ажиллаж эхний ээлжид Хятадад байгаа оюутнуудаа бүртгэлжүүлсэн. 24 цагаар тусгай утас ажиллуулж цаг тухай бүрт нь мэдээллээр хангаж байгаа. Мөн “Вичатад” групп үүсгэн өдөр бүр өвчлөлөөс урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжийг өгч байна. Монгол улсад болж байгаа цаг үеийн мэдээллийг “vpn” ашиглан сайтууд руу чөлөөтэй нэвтэрч мэдээллээ авч байна. Дашрамд Монголчууддаа хандаж, ариун цэврээ сайн сахиж, өөрийгөө гэр бүлээ хайрлаж хамгаалаарай гэж хэлье.
Зө.мн: Танд баярлалаа. Эрүүл энхийг ерөөе.