Цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдвар дэлхий дахинд түймрийн аюул мэт тархаж байгаа энэ үед Зөгий.мн сайт гадны улс оронд оршин суугаа Монголчуудынхаа тухай мэдээллийг уншигчид та бүхэндээ өгсөөр байгаа билээ.
Бид энэ удаагийн дугаартаа БНСУ–ын Сөүл хотноо суралцдаг Г.Эрдэмтэнийг ярилцлагад урилаа. Тэрээр Дэлхий нийтэд цар тахлын хэмжээнд хүрсэн коронавирусийн халдварын тархалтын оргил үед Сөүл хотод байсан юм. Ингээд түүнээс тухайн үеийн нөхцөл байдал ямар байсан, одоо ямар байгаа талаарх мэдээллийг хүргэе.
Зө.мн: Танд энэ өдрийн мэнд хүргэе. Уншигчдад маань өөрийгөө танилцуулна уу?
Г.Э: –Сайн байна уу? Намайг Ганбаатарын Эрдэмтэн гэдэг. Одоо 23 настай. БНСУ-ын Сөүл хот дахь СОНСО их сургуулийн Сэтгэл судлалын ухааны магистрант. Энэ улирал дүүргээд сургуулиа төгсөх гэж байна. Одоогоор СОНСО их сургуулийн Солонгос хэлний тэнхимд Монгол ажилтнаар ажиллаж байна. Энэ ажил маань цалин багатай учраас сургалтын төлбөр болон амьжиргааны зардлаа хангах гэж давхар цагийн ажил ч хийдэг.
Зө.мн: Тухайн оронд хэзээ очсон бэ? Хэр удаан амьдарч байна?
Г.Э: –Анх энэ улсад 2017 оны 4 сард хэлний бэлтгэлээс эхлээд магистрын зэрэг горилохоор хөл тавьж байлаа. Одоо 3 дахь жилээ угтаж байна.
Зө.мн: Амьдарч буй орон (хотод) коронавирусийн халдвар гараад хэр удаж байна? Ойролцоогоор хэчнээн тохиолдол илрээд байна?
Г.Э: –Анх 1 дүгээр сарын дундуур БНСУ-д анхны тохиолдлууд бүртгэгдэж эхэлсэн ба хоёрхон сарын дотор “8960-аад хүн халдвар аваад байна” гэсэн харамсалтай мэдээтэй байна.
Зө.мн: Коронавирусийн халдвар дэлхий дахинд гарсан цагаас авахуулаад одоог хүртэлх өдөр тутмыг мэдээг бид авсаар байгаа. Гэхдээ тухайн нөхцөл байдал амьдарч байсан хүнээс мэдээлэл сонсох нь зүйтэй болов уу? Тухайн улс (хот) ямар арга хэмжээ авч байгаа вэ?
Г.Э: –Вирус бүртгэгдсэн цагаас иргэддээ урьдчилан сэргийлэх заавар зөвлөмж өгөхөөс гадна автобусан дотор, метроны буудлуудад дундаж хэмжээний гар ариутгагч, нэг удаагийн маск байрлуулж иргэдэд үнэ төлбөргүй хэрэглүүлж эхэлсэн. Гэхдээ маск ховордох үед эдгээр маскуудыг тавихгүй байсан. Түүнчлэн гудамж талбайг ариутган явах хүмүүс хаа нэгтээ харагдах болж, заримдаа автобусанд суухад хүртэл ариутгалын бодисны үнэр сэнх хийгээд л үнэртэнэ. Мөн дүүрэг бүрт шуурхай утас гаргаж, шинжилгээ өгөх эрүүл мэндийн төв болон цэгүүдийг бий болгосон. Хэрвээ гадаад иргэд холбогдлоо гэж бодоход тухайн улсын хэлтэй орчуулагч-зөвлөгчтэй хүртэл холбогдох боломжийг бүрдүүлсэн нь сайхан байсан. Яг өнөөдрийн байдлаар Солонгос улс онц байдал заралчихсан байна. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаа ихэнх нь 3-р сарын 2-с эхлэх ёстой байсан ч 4-р сарын 6-ны өдөр хүртэл сунгагдсан. Мөн БНСУ-ын хилээр орж ирэх иргэдийг онцгойлон анхаарч тусгаарлах хүртэлх арга хэмжээг авах болсон. Мөн гэрээр тусгаарлагдах иргэдэд байршил болон өөрийн эрүүл мэндийн байдлаа мэдээллэж байх тусгай аппликэйшн нэвтрүүлж байгаа юм билээ. Магадгүй Монголоос Солонгос руу явах иргэд ч бас үүнд хамрагдах байх.
Зө.мн: Иргэд өөрсдийгөө хамгаалах ямар арга хэмжээг хэр авч байна? Анх вирусийн халдвар илэрснийг сонсоод тухайн орны иргэд болон та хэр паникт орсон бэ?
Г.Э: –Миний санаж байгаагаар эхний 31 тохиолдол дээр зогсонги байдалтай буюу халдварын тоо нэмэгдээгүй, хүмүүс ч энэ өвчнийг тахалын дайтай хүлээж авалгүй, өдөр тутмын амьдрал хэвийн л үргэлжилж байсан. Гэхдээ миний эргэн тойрны найзууд, Монголд байгаа ар гэрийнхэн БНХАУ-д хүнд нөхцөл үүсч байгаа талаарх цаг үеийн мэдээг надад маш сайн өгч, хэлж байсан учраас л аль хэдийн урьдчилан сэргийлэх аргуудыг өөртөө аваад хамгаалаад явж байсан бол Солонгос иргэд төдийлөн тоолгүй тэр бүү хэл амны хаалттай хүн цөөн байсан. Үүний дараагаар Шинчонжи сүмийн итгэгч Дэгү хотод оршин суудаг эмэгтэй вирусын халдвар авснаар маш олон хүнд халдвар тархаж, нөхцөл байдал хүндрэн халдвар авсан хүний тоо огцом хэдэн зуугаараа нэмэгдэж эхэлсэн. Энэ тухай олон мэдээ гарч байсан, Монголд байсан иргэд маань сонссон байх аа.
Мөн нөхцөл хүндэрсээр байхад Солонгос залуучуудын дийлэнх нь сүржин хүлээж авахгүй байлаа. Тийм учраас халдвар авч буй хүмүүсийн дийлэнх нь 17-30 нас хүртэлх залуу хүмүүс байгаа юм. Ер нь л хоолны газар, кофе шоп, номын сан зэрэг чөлөөт цагаа өнгөрүүлэх газар Солонгост их бий. Тэдгээр газрын дийлэнх нь өмнөх шигээ л залуу хүмүүсийн хөл хөдөлгөөнтэй л байсаар байсан. Хэдий маскаа хэрэглэж байгаа мэт боловч найзтайгаа уулзахдаа, кофегоо уухдаа зүгээр л ширээн дээрээ аваад тавьчих жишээтэй. Энэ нь вирус тархах бас нэг эрсдэл гэж харж дүгнэсэн юм.
Зө.мн: Та (гэр бүл) өөрийгөө хэрхэн хамгаалж байна?
Г.Э: –Манай гэрийнхний хувьд ээж, эгч эмч хүмүүс учраас надаар хэлүүлэлтгүйгээр өөрсдийгөө хамгаалж, мөн надад маш сайн зөвлөгөө өгч байсны үндсэн дээр нарийн мэдээлэл ойлголтуудыг авсан. Хамгийн түрүүнд гэрээсээ огт гарахгүй, дархлаагаа дэмжих бүхий л аргыг хэрэглэж ирлээ. Зайлшгүй гадагш гарсан тохиолдолд амны хаалт, бээлий, нүдний шилийг заавал хэрэглэж байгаа. Гэртээ ирэхдээ спирт, жавелин, хлорсепт-17, Солонгос лакс, өндөр градустай архи зэрэг аль байгаа ариутгалын бодисоор гадуур хувцасаа шүршиж, мөн гэртээ чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа. Мэдээж цонхоо тогтмол нээж агаар салхи оруулж байна.
Зө.мн: Тухайн оронд амны хаалт, хүнс болон ахуйн хэрэглээний барааны олдоц хэр байна?
Г.Э: –Маскны тухайд яах аргагүй хомсдож эхэлсэн бөгөөд өглөөний 6,7 цагаас эхлээд эмийн сангийн гадаа дараалал үүсгэж зогсох иргэд олшрох болсон.Тийм учраас маскыг тэгш хуваарилж борлуулах зорилгоор системт үйл ажиллагаа зохион байгуулж байгаа. Энэ арга бол 1 хүн долоо хоногт 2 удаа маск авах эрхтэй ба иргэний үнэмлэхний сүүлийн оронгоор (төрсөн он сар, өдрийн сүүлийн орон тоогоор) нь гарагуудад хуваасан. Харин гадаадын иргэн нь түр оршин суух үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалаа заавал авч очиж байж маск авна. Нэгдсэн тусгай системд таны мэдээлэл орох ба тухайн өдрөө өөр эмийн сангаас маск худалдан авах эрхгүй болно гэсэн үг юм. Гэтэл миний хувьд гадаад иргэний үнэмлэх байгаа хэдий ч эрүүл мэндийн даатгалгүй учраас авах эрхгүй гэсэн үг. Түүнээс гадна БНСУ-д хууль бусаар оршин суух олон зуун иргэдэд бүр ч маск олдох боломжгүй болж байгаа юм. Гэвч энэ маскны асуудал хотын төвүүдэд тулгамдаж байсан ч хотын захын зарим нэг дэлгүүр, эмийн санд мэр сэр олдоцтой байсан. Миний хувьд дам дамаа хүнээс сонсож масктай газар хайж эхэлсэн ба гэрээсээ 1 цаг 10 минут явж очих газраас худалдан авч байсан үе ч бий. Мөн хүнсний томоохон дэлгүүрүүдэд ачаалал ихэссэн. Намайг дэлгүүрт орох үед муудахгүй гэсэн хүнс тэр дундаа бэлэн гоймон, лаазалсан мах болон хиам, ус зэргийг сагс дүүргээд авч байсан хүмүүс нэлээд харагдсан. Солонгосчуудын гол хэрэглээ будаа учраас үнийн хувьд бага зэрэг өссөн байна. Гэвч нэг их хүнсний хомсдол үүсэлгүй дэлгүүрүүд хэвийн байдалдаа эргэж орсон.
Зө.мн: Тухайн оронд коронавириусээс хамгаалах, ариутгах, цэвэрлэх тоног төхөөрөмж зэрэг шинэ үйлчилгээ гарсан болов уу?
Г.Э: –Миний харснаар олон нийтийн зам талбайд ариутгал хийж буй том оврын машинууд байсан. Тэдгээр машинууд автоматаар ариутгалын бодис цацаж байлаа. Мөн машин орох боломжгүй гудамжуудаар ариутгалын бодисоо үүрээд явж байсан хүн олон харагдсан шүү.
Зө.мн: Эх орондоо хэзээ ирсэн бэ? Ирэхийн тулд ямар нөхцөл байдлыг даван туулав?
Г.Э: –Би Сөүлээс 3-р сарын 8-ны өглөө гарч Москва хотоор дамжин 3-р сарын 9-ны өглөө эх орондоо ирсэн. Уг нь цагаан сараар аав ээждээ очно оо гээд хэлчихсэн байдаг. Даанч ажил, хичээлээсээ болоод явах боломж бүрдэхгүй л байсан. Удалгүй өвчтнүүдийн тоо бага багаар нэмэгдэх үед аав, ээж өдөр шөнөгүй залгаж намайг ирүүлэхийн түүс болж байлаа. Тэр үед ээжийгээ л их өрөвдсөн дөө. Намайг гуйж нэг, айлгаж нэг, гомдож нэг дуудаад л...Би ч дотроо жаахан айдастай ч, худлаа зүгээр гэж ирээд л хугацаа алдлаа. Тэгсэн 2 дугаар сарын 26нд гэнэт байдал бишдэж манай улс хилээ хэсэгчилэн хаасан гэж сонссон. Ингээд Солонгосоос Монгол руу явах шууд нислэг зогслоо. Тэгтэл яг энэ агшинд нөгөө ганцаараа байж чадна, өөрийгөө бүрэн хамгаалж чадсан, Монголд гараагүй учраас би ч мөн тусахгүй аятай бодож байсан омголон бардам зан юу ч үгүй нуран унаж, би ч гэнэтхэн ухаан орсон хүн шиг л болсон. Тухайн үед хамгийн боломжтой 2 нислэг нь Турк эсвэл Москвагаар дамжих байлаа. Арай үнэ хямд нь Турк байсан 2 сая 400 орчим байх. Гэхдээ л оюутан хүнд чанга сонсогдоод бас хэд хоног азнаад хямд тийз олдохыг хүлээхээр болов. Тэгтэл тийз ч бүр үнэтэй болоод Монголд ч ээж нойргүй хонож надаас дуудлага хүлээгээстэй. За ерөөсөө л явья гэж шийдэн Туркын нислэг захиаллаа. 3 дугаар сарын 1-ний бүтэн сайны орой Инчеоны нисэх буудал явж, сэтгэл гэгэлзээд л...онгоцонд унших ном, сонсох дуугаа хүртэл бэлдээд очсон. Тэгсэн яасан гэж бодно? Яг хэдхэн цагийн өмнө Туркийн ЗГ гадаад иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй, зөвхөн өөрсдийн иргэдээ татаж авах шийдвэр гаргасан гэж авдаг байгаа. Надад бас тэнд очсон хэдэн Монгол, Америк иргэдэд огт мэдээлэл, мэйл ирээгүй бүгд гайхаастай. Тэгсэн амралтын өдөр байсан учраас тийз бичдэг газруудад мэдэгдэл очоогүй байж. Хий дэмий л тэрүүгээр Солонгос ажилчдыг царайчилсан. Бүр хэсэг Монголчууд маань 'Бид зөвхөн дамжин өнгөрнө, огт хилээр гарахгүй, манай элчин рүү холбогдож өг, бидэнд мэйл ирээгүй' гэж гомдоллож, уурлаж, уйлах шахам хэлсэн ч нэмэргүй байсан. Дэмий л тэрүүгээр царайчилж явсаар байгаад цаг 23:00 болж юун онгоцонд суух болж буцаад харих метроноос хүртэл хоцорчихлоо. Тэгээд онгоцны буудлын автобус руу очтол ашгүй хамгийн сүүлийн автобусанд амжлаа.
За ямар ч гэсэн онгоцны буудалд хонохгүй болж автобусны суудалд суугаад хөдөлж эхлэхэд, бидний дээр нэг онгоц гэрлээ анивчуулан хөөрсөн байхыг хараад миний суух байсан онгоц л байх даа гэж бодон энэ агшинд л ээжийн хэлснээр "Энэ бол ердийн ханиад биш халдварт тахал" гэдэг үгийг ойлгосон юм. Гэтэл би энд...намайг хамгаалах маск, бээлий, нүдний шилэндээ найдаад сэтгэл дотор эзэнгүйрээд бүх зүйл хоосон оргиод үлдлээ. Өөрийн мэдэлгүй хэндээ ч гоморхсон юм бүү мэд бардам сэтгэл, омголон зангаа үгүй хийж, хажууд хэн ч байхгүй мэт, урд юу ч харагдахаа больж нүд дүүрэн нулимсаа барьж тэсэхгүй асгалаа.
Үүнээс хойш Солонгост байдал бүр бишдэж, өдөр өдрөөр л халдвар авах хүний тоо нэмэгдсэн. Удалгүй утас дуугарч ээж эгч хоёр маань Москвагаар дамжих нислэгийн хуваарийг олж, 3 сарын 8-ны тийзийг бичүүллээ гэсэн мэдээ дуулгалаа. Би дотроо 3 хоногийн дараах энэ нислэгийг бас бүтэлгүйтэх байх гэсэн айдастай байсан. Ямартай ч явсан яваагүй өөрийгөө бүрэн хамгаалж, эрүүл л байх ёстойгоо дахин дахин сануулж хичээж байсан. Дээрх захиалсан тийзний нөхцөл их хатуу. Ачаа хүртэл авах боломжгүй. Зөвхөн гар тээш 10кг авах заалттай. Гэрийнхэндээ, таньдаг мэддэг хүмүүстээ хэдэн юм бэлдчихсэн байсан ч яах аргагүй хоосон явах болов. Яахав би ачаагаа авдгаараа аваад тээшний мөнгө төлж болно л доо. Даан ч их үнэтэй болох байсан. Тиймээс 10кг ачаанд хүртэл ямар их зүйл багтааж болдгийг тэр үед мэдэрсэн. Би Монголдоо очвол буугаад шууд 14 хоног тусгаарлагдхаа мэдэж байсан учраас аль болох хөнгөн жинтэй цагаан хэрэглэл, хамгаалах хэрэгслүүдээ л сайн авсан. Ямар ч гэсэн Сөүл-Москва-Улаанбаатар нислэгтээ амжиж суусан. Тухайн үед ийм нислэг байсанд л баярлаж бас Москва гэнэт хилээ хаах ч юмуу эсвэл Сөүлээс ирэх биднийг буцаах вий гэсэн санаа зоволттой л байлаа. Олон цагийн нислэг амаргүй юм билээ. Бас эрсдлээ бодож онгоцны хоолыг хүртэл идэхгүй гүрийгээд л яваад байлаа. Зөвхөн соруулаар ус, шингэн зүйл л уусаар байсан. Сүүлдээ чилээд хамаг хөлс гараад халууцаад хурдхан л буухын түүс болж байсан. Гэтэл ОХУ-н экипажийнхан Март 8-ны мэнд хүргэж тэнд байсан бүх эмэгтэйчүүдэд сарнай цэцэг тараасанд сэтгэл сэргээд л баяраа хүртэл мартчихсан байснаа санав.
Ашгүй нэг Москва дээр газардтал бас манай эмч нар шиг цагаан хувцастай 2 Орос эмэгтэй орж ирж камер шиг юмаар хүмүүсийн царайг дараад байх шиг байсан. Гэхдээ тэр нь халуун хэмждэг тусгай багаж байсан ба 200 гаруй хүний халууныг хэдхээн минутанд үзчихдэг амар л юм байна лэ. Цаг гэхдээ нэлээн орсон учир дамжих нислэг маань 2–хон цагийн дараа байсан учраас амжих үгүйдээ ч эргэлзэж гарлаа. Би буугаад л шууд гүйсэн. Тэгсэн бас хилээр гарч байгаа юм шиг ачаа тээшээ шалгуулдаг юм билээ. Москвагийн онгоцны буудлын тэр хэсэг яг л Монголдоо ирсэн мэт сэтгэлд дотно танил орчин байсан. Ингээд нэг юм дамжилт руугаа гүйсээр л байлаа. Бараг 1км зайтай явж байж гэйт дээрээ ирсэн юм. Хүлээн суух Монгол хүмүүс хэд хэд байсан. Дандаа шонтгор шар Орос хүмүүс хараад тэгсэн юмуу Монгол хүмүүсээ хараад баярлаад л явчихлаа. Нээрээ wifi олно гэдэг лав бүтэшгүй юм билээ. Адил нислэгээ хүлээн суух Япон улсаас дамжин ирж буй Монгол эгчээс гуйж интернет цацуулаад гэрийнхэнтэйгээ холбогдож, хэл дуулгасан юм. Ингээд 3-р сарын 9-нд би эх орондоо явж ирсэн. Намайг тосоод, тэврээд угтах эх оронтойдоо баярлаж, баярын нулимс унагаж байснаа нуух юун.
Зө.мн: Ирээд мэдээж тусгаарлагдсан? Тусгаарлалтад байх үеийн сэтгэл зүй ямар байв? Өдрийг юу хийж өнгөрүүлж байсан бэ?
/Онгоцны буудлаас биднийг тоссон автобус/
Г.Э: –Тиймээ. Эх орондоо, ээж аавдаа ирж байгаа учраас бүх зүйл сайхан санагдсан. Тусгаарлагдах байрандаа очоод өдрийн турш хичээлээ давтана. Мөн би өвчтөн биш учраас өрөөнийхөө бохир хөшигнөөс эхлээд цэвэрлэх бүхий л зүйлсийг цэвэрлэдэг байлаа. Тэндэхийн ажилчид биднийг үнэхээр чин сэтгэлээсээ халамжилдаг байсан гэдгийг хэлмээр байна. Харин тусгаалалтаас гарахад гэртээ очоод 14 хоног өөрийгөө тусгаарлах тухай мэдээлэл өгсөн. Мөн эрсдлээс сэргийлэх нарийн зөвлөмж бичсэн хуудас өгсөн.
Зө.мн: Аюултай нөхцөл байдалтай орноос ирсэн хүний хувьд Монголчууддаа юу гэж хэлэх вэ?
Г.Э: –Албан ёсны зөвлөмжийг ягштал мөрдлөг болгон хэрэгжүүлбэл би, та, бид бүгд энэ өвчнөөс сэргийлж чадна. Бүгд энэ өвчнийг жирийн ханиад биш тахал гэдгийг л сайн ойлгоосой. Өөрийгөө сайн хамгаалж байж бусдыг ч мөн хамгаална. Манай Монголчууд бусад улс орныг бодвол нэгдэж чаддаг гэдгээ дэлхийд харуулж байна. Энэ үнэхээр гайхалтай. Монгол хүн бүр эрүүл энх байх болтугай.
Зө.мн: Танд баярлалаа.