Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн захирамжийн дагуу нийслэлийн Газар зохион байгуулалтын алба (НГЗБА)-наас энэ онд 47 газрыг Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдаанд оруулж, 2.4 тэрбум төгрөг төсөвт төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна.
Энэ оны эхний 11 байршлын нийт 9.26 га газрын дуудлага худалдаа 4 дүгээр сарын 8-нд 9 цагт Газрын биржийн цахим систем буюу www.mle.mn цахим хуудсаар явагдана. Уг дуудлага худалдаанд оролцох хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүдийг дээрх цахим хуудсаар бүртгэж эхэлжээ. Ирэх сарын 8-нд болох дуудлага худалдаа 09.00 цагт үнийн саналыг хүлээн авч эхэлнэ.
Санал авах сүүлийн хугацаа 15.00 цагт дуусмагц систем 1 минут хүлээх бөгөөд тухайн мөчид аль нэгэн оролцогч үнийн санал өгөхгүй бол дуудлага худалдааг автоматаар хааж, хамгийн сүүлд өндөр үнийн санал ирүүлсэн оролцогч газраа авах байдлаар явагдана. Хэрэв нэг минутад оролцогч үнийн санал илгээвэл дахин нэг минут хүлээх зарчим баримтлах гэнэ. Дээрх зарчмаар 17.00 цаг хүртэл үргэлжилсэн тохиолдолд хамгийн сүүлийн үнэ өгсөн оролцогч ялагч болох юм байна.