Цаг үеийн мэдээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн нутагт гуравдугаар сарын 28-нд малчны хотны ойролцоо цоохор ирвэс иржээ.

Тус аймгийн БОАЖГ-т малчны хотны ойролцоо цоохор ирвэс байгаа тухай дуудлага ирсний дагуу тус газрын мэргэжилтэн, сумын Засаг дарга, БОХУ-ын байцаагч, байгаль хамгаалагч, хэсгийн төлөөлөгчийн хамт газар дээр нь ажиллажээ. Тэд Баянхонгор багийн нутагт байршсан газраас цоохор ирвэсийг 18 км газар харгалзан тууж уулын бүс рүү ойртуулж хамгаалах үйл ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн малчид ард иргэдэд холбогдох хууль тогтоомж, анхааруулга санамжийг өгсөн юм.

Дэлгэр сумын Баянбууралын нуруу, Сэрхийн нуруу гэх мэт газарт цоохор ирвэс хоол тэжээл хайн шилжилт хөдөлгөөн хийж байршин нутагладаг тухай мэдээллэсэн байна. 

Дашрамд сонирхуулахад цоохор ирвэс нь Төв Азийн өндөр уулсын билэг тэмдэг, нэн ховор зүйл ангид орсон амьтан юм. Монгол улс нь цоохор ирвэсийн тоо толгойгоор дэлхийд 2-т эрэмбэлэгддэг бөгөөд манай улсын цоохор ирвэсийн хамгаалал Гималайн уулс, Алтайн саяны уулсын цоохор ирвэсийн холбоос бүс нутаг болдгоороо чухал ач холбогдолтойд тооцогдож, олон сая хүний итгэл найдвар болсон юм.

Таны сурталчилгаа