Үүр цайж, нарны эхний туяа газар дэлхийг гийгүүллээ. Бүрэг харанхуй алсран холдоход хаа нэгтээ, хэн нэгний айдас түүнтэй хамт замхран одож, амьд үлдэхийн төлөө тэмцэлдсэн нэгэн шөнө өнгөрлөө.
… Амьдрах хэчнээн сайхныг мэдэрч гүн амьсгаа авахтай зэрэгцэн товор товор алхлах хөлийн чимээ сонсогдоно. Нойрмог гархилсан нүд, хайш яйш боосон янзлаагүй үс. Цувны босгосон зах дор нүүрээ нуун алхах бүсгүй. Зөрсөн болгон түүнийг нэг л ёозгүй харж, тоогүй дүгнэлт хийнэ.
Харин хаа нэгтээ үсээ толийтол самнаж, хөнгөн кет хөлдөө жийсэн залуу чихэвчин дэх хөгжмийн аянд толгой хаялан алхална. Бодвол тэр аав ээжийнхээ хүчинд боломжийн амьдарч буй бодлогогүй л залуусын нэг биз.
Нүдэнд ил харагдах энэхүү зураглалын ар талд нүгэл буян ээлжилдэг хорвоогийн нүцгэн үнэн оршиж байдгийг хэн ч мэдэхгүй.
Хоёрхон настай хонгор үр нь өдөрхөн инээж тоглож, эрхэлж байсан ч хоногийн эргэлтэд хоолой нь бачуурч, улаа бутарсан хөөрхөн царай нь үнсэн саарал өнгөөр солигдлоо. Алдрай бяцхан хүүгээ тэвэрч уйлан хайлсаар ирсэн аав ээж нь өөрсдөөс нь ч дүү баймаар залуухан эмч бүсгүйд хүүгээ даатгана. Эмч бүсгүйн эрдэм чадалд эргэлзэж байсан ч тэр өвчин хэмээх эрлэгтэй эвлэрхгүй тэмцэлдсээр үүр цайхын наана үрийг нь тэдэнд үлдээж чадав. Өөрөө харин өвдөг сөхөртлөө ядарчээ. Ээлжээ хүлээцсэн түүнд өөрийгөө гоодох тэнхээ ч үлдсэнгүй. Эмч бүсгүй гэрийн зүг гэлдэрнэ. Түүний нүд гархилж, үс нь хааш яйш харагдана. Гэлээ гээд түүнийг олон олон бяцхан үрсийг орчлон хорвоод үлдээх гэж оройгүй их зүтгэл гаргадгийг өөрөөс нь өөр хэн ч мэдэхгүй.
Хөнгөн хийсвэр харагдах ганган залууг өнөө л хийхгүй бол оройтох хүндхэн хагалгаа хүлээж буй. Цусны эхүүн үнэр дунд, цуцахаа мартсан 7, 8 цаг. Хөлөө сэлгэн амраах ч завгүй, хөндий доторх эрхтнээс хавдар салгахаар зууралдана. Алдах эрхгүй хором, авьяас чадвар дутах эрхгүй мэргэжил. Мэс заслын өрөөний үүдэнд хүлээх төрөл садангуудынх цохилох зүрхний чимээ тархинд лүг лүгхийн мэдрэгдэнэ. Тиймээ тэр алдах эрхгүй.
Хүний төлөө амьдрахаар заяагдсан ийм л нэгэн хүмүүсийг бид ЭМЧ хэмээн нэрийдэнэ. Бусад нь зөвхөн өөрийнхөө төлөө амьдрах энэ л нийгэмд бусдын эрүүл мэнд, амьд явах эрхийн төлөө тангараг өргөн байж зүтгэх эмч танд баярлалаа. Цагаахан халат, шидэт чагнуур, цаг хугацааг уяж чаддаг эмч таны эрдэмд бахархая.
Сэтгүүлч У.Дашбат