Цаг үеийн мэдээ

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалан нар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд сайдууд шинэ коронавирусийн тархалтыг хязгаарлахаар хоёр улсын Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийн талаар харилцан мэдээлэл солилцов.

Коронавирусийн цар тахлын үед улс орнууд шуурхай хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилготой бүс нутгийн хэмжээний механизм байгуулах санаачилгыг хоёр тал хамтран урагшлуулах талаар мөн санал солилцсон юм.

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тулгарч буй сөрөг нөлөөг бууруулах үүднээс хоёр тал илүү идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай гэж талууд санал нэгдсэн юм.

Хоёр талын худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх хамтын зорилтод хүрэхийн тулд цаашид илүү нягт уялдаатай хамтран ажиллах, хоёр улсын худалдаанд чухал үүрэгтэй нүүрсний худалдааг хэвийн гольдролд оруулахын төлөө бололцоотой арга хэмжээг авч ажиллахаар тохиролцлоо.

Таны сурталчилгаа