Цаг үеийн мэдээ

Би уг нь ажилтай, ажилдаа дуртай бас хөөрхөн карьертай, хамт олон дундаа амжилтаараа товойчихдог бүсгүй байлаа.  Сайхан засалттай үстэй, өөртөө тохируулаад дэгжин хувцаслачихдаг, өдрийн цайны цагаар найз бүсгүйчүүдтэйгээ элдвийг хөөрөлдөнгөө кофе уучихдаг ийм л нэгэн арчаатай, анхиатай хүүхэн байлаа. Гэхдээ уншигч та бүхэн яагаад энэ бүхнийг өнгөрсөн цаг дээр бичээд байгааг гайхаж байна уу? Тэгвэл яг одоо миний амьдрал карантинаас өмнө ба хойно гэсэн хоёр заагт хуваагдчихаад би өөрөө энэ хоёр туйлын жинхэнэ үзүүлэлт болчихоод байна.

Би гурван хүүхэдтэй, нөхөртэй, нохойтой бүсгүй. Нөхөр маань орчин цагийн залуусын нэгэн адил гэр бүлийнхээ санхүүгийн тогтвортой байдлын төлөө энэ биеэ зориулж яваа жирийн нэг эр. Миний хувьд ч нөхрөөсөө дутахгүй амрах ч завгүй ажилладаг. Гэвч  дэлхий дахинд аймшигт цар тахалд нэрвэгдэж улс орон даяар хөл хорио тогтоочихлоо шүү. 

… Яахав ээ яахав, хэд хоног гэртээ хүүхдүүддээ харангаа сайхан амраадахье. Энэ бүхэн надад олгож байгаа давуу тал ч байж магадгүй юм гэсэн эерэг бодлоор тархиа аргадлаа. Энэ хүртэл гурван хүүхдүүдийг маань ээж маань ирэн очин хардаг байсан юм.  Уг нь хүүхдүүд маань сургууль, цэцэрлэг, өдөр өнжүүлэх гээд тус тусын албандаа хэл амгүй явчихдаг юм.  Даанч өнөөх хөл хорионоос болоод хүүхдүүд маань хүртэл хаана сурч, хүмүүждэгээ хүртэл мартах шахаад байна шүү дээ.

“…За ингээд маргааш миний амрах эхний өдөр, өглөө нойроо харамлахгүйгээр унтаад авья, сайхан даа…” 

 

ӨГЛӨӨ…

Гэвч энэ бодол минь  жинхэнэ мөрөөдөл байсан юм. Бага охин минь яг л цагтаа дуугардаг сэрүүлэгтэй цаг, түүнийг яаж ч эрт унтуулаад өглөө 7.00 цагт сэрчихнэ. Ингээд л миний дуусах эсэх нь мэдэгдэхгүй их “ажил”–ын өдөр минь эхэлэх тэр дээ. 

Охин сэрэнгүүтээ бие засуулахыг шаардах бөгөөд үргэлжлүүлээд ус, тэгээд боов боорцог нэхнэ. Энэ бүгдийг зөөж гүйж байтал эргээд унтах хөг хэдийнэ өнгөрсөн байх болно. Нэгэнт унтах эрх дууссан учраас нөхрийнхөө өглөөний цайг бэлдэхээр усаа буцалгаж, кофе чанагчаа залгаж байх зуурт манай гэр бүлийн нэг гишүүн болох Блонш (Францаар Цагаанаа гэсэн утгатай) нохой маань  гүйж ирээд мөн л өглөөний хоолоо идэхээр хөл шөргөөж хуцаж эхэлнэ. 

Өндөг, жимсний чанамалтай талх, сүүтэй сериал, кофе, сүү, нохойны дэвтээсэн хоол зэргийн дунд эргэлдсээр хүн, хүүхэд, амьтны элдэв шаардлагаас арайхийж нэг юм ангижрана.  

Нөхрөө ажилд нь үдээд өөрөө амсхийн аяга кофе уугаад суутал энд ч нэг цай, ус асгарсан ширээ, тэнд ч нохойны савнаасаа халгиаж асгасан хоол, тарсан тоглоом, таавчикны өрөөсөн.  

“Ээ бурхан минь” эмх цэгцэд дуртай надад энэ бүхэн үнэхээр нүдэнд орсон хог мэт аргуулаад хэрэг алга. Аяга кофегоо ууж дуусгах тэвчээр хүрсэнгүй резинен бээлийгээ өмсөөд аяга, тавагтайгаа зууралдлаа, тоос сорогч, шал угаагч “одоо намайг” гэх шиг  хүлээнэ.

 

    (Үүнээс илүү үнэнч туслах үгүй билээ)

 

Та бүхэн намайг энэ бүх гэр цэвэрлэх үйлдлийг хэн ч надад саад хийлгүйгээр ар араас нь аятайхан хийгээд явдаг гэж бодож байна уу? Тэгвэл тийм зүйл кинон дээр л байдаг гэж хэлье. Аяга угаагаад дуусах зуурт ахиад юм идье хэмээн бага охин хаанаас ч юм үсрээд гараад ирнэ. Тоос соруулаад явж байтал ОО орчихсон дунд хүү минь “намайг босгоодох” хэмээн чарлана.  Суултуураас босгосон дунд хүүг гарыг нь угаалгаж, ариун цэвэр сахиулчихаад арайхийн тэндээс гарч ирэхэд өнөөх жижиг сэгсгэр гүнж соруулсан шал дээгүүр минь идсэн талхныхаа үйрмэгийг жигд сайхан тараачихсан байх болно.  

 

Ингээд цэвэрлэх үйлдэл эргэж хургаж давтагдаж байтал 11.00 цаг болчихсон өнөөх том хүүгийн ТВ хичээлийн цаг тулчихаж. Би гурван хүүхэдтэй гэж бичвэрийн эхэнд дурдсан байхаа.   Хашгирч гуагласаар өрөөнд нь ороход шилжилтийн насандаа яваа том хүү минь сэрэх шинжгүй нам унтана. Аль 5 цагийн өмнө нойроо үдээд явуулчихсан би том хүүгийн бөх нойронд бага зэрэг атаархахын сацуу арайхийн сэрээж, телевизорын өмнө чирж, гулдарч авчирч суулгана. (өмнө нь телевизороос чирж холдуулдаг байлаа гэж…)

 

    (Цэгцэрсэн гэр 30 минутын дараа)

  

 (Тоглоомон ийм овоолго гэрийн хаа нэгтээ заавал үүснэ)

За ингээд цэвэрлэгээний ажил цэгцрэх тийшээ хандаж байтал өнөөх гэр бүлийн хүндэт гишүүн нохой маань бие засахаар гасалж үүд рүү тэмүүлнэ. Уг нь энэ хаски нохойг том хүү маань уйлж дуулсаар авсан боловч асарч халамжлах бүх үйлдэл ээж миний ажил болжээ. 

   (Тэр надад хэзээ түгшүүр зарлахыг би таашгүй)

 Нохой ч сандарч би ч сандарсаар гадуураа хүрмээ угласан болоод шатаар пижигнэтэл уруудан гүйсээр гадагшаа нэг юм гарч хөнгөрдөг газар нь очлоо. Ажил хэргээ бүтээсэн нохой бид хоёрын санаа амарч буцаад гэр рүүгээ алхаж явтал хажуу орцны Хажаа бүсгүйтэй (нэрийг өөрчлөв) таарна шүү дээ. Өнөөх чинь намайг дээрээс доош гүйлгэн хараад нүд нь орой дээрээ гарч, уруул ам нь зэвүүтэй жуумагнан мэнд мэдсэн болоод зөрөөд явлаа. Яагаад ингэж доогтой харсныг ойлгож ядах зүйл үгүй.  Өмнө нь дандаа цэмцгэр хувцаслаж, дэгжин  харагдаж, атаархлыг нь хөдөлгөдөг хүүхэн арзайж сэгсийчихээд унтлагын өмдтэй гүйж явах нь арай л инээдтэй харагдсан биз. Өнөөх нь бас өглөө босоод шүдээ угаасан ч нүүрээ ч угааж амжаагүй л явж байна. За яах вэ, юм нэгээр дуусахгүй. Удахгүй хөл хорио дуусаж ажил минь эхлэхээр эргээд чамайг атаархтал алхах юм чинь.

Шатаар өгсөж явахдаа “Чи одоо яг тулсан хойноо хүн сандаргах юм, арай наахна сануулж болдоггүй юмуу? Ядаж өмдөө солиод гарна ш дээ” хэмээн өнөөх нохойдоо бурууг өгөн түүнтэйгээ яринаа бас. 

ӨДӨР…

Гэртээ ороод цаг хартал 12 цаг өнгөрч байна. “Өө мая год” өнөөх нөхөр өдрийн цайндаа ирэх цаг болчихож. Өмнө нь нөхөр маань ажлын газрынхаа ойр хавийн хоолны газар хооллочихдог байсан ч өнөөх аюултай вирус гарснаас хойш гэртээ ирж цайлдаг болсон. Галзуу мэт гүйсээр ОО–ын өрөө орж гараа угаалаа, гар маань угаасаар байгаад аль хэдийнэ сайртсан. Өнөөх өнгө алагласан хумсны будаг арилан арилсаар хумсны үзүүр хавьд кант маягаар тогтжээ.  За энэ ч яахав, ариун цэвэр номер нэг шүү дээ.

Өдөр өдөрт өөр хоол хийхгүй бол өнөөх “жижиг”–дийн маяг дийлдэхгүй. Варьентэй талхаа голон шидэж, сонгинотой хоол идэхгүй гэж уйлна. 

Хийсэн хоолоо өмнө хойно нь гарч байгаад өөд уруугүй өөрөө халбагадаж аманд нь хийнэ.  Ингээд өдрийн хоолны үйл ажиллагаа бужигнаж бужигнаж дуусахад хацар дээрээ нөхрийнхөө талархлын үнсэлттэй угаалтуур дүүрэн бохир аяга тавагтай хүүхэн үлдэнэ дээ.  Босож суун бусдыг хооллосоор өөрөө хоол идсэн эсэхээ санахгүй. 

  

Өдрийн цэвэрлэгээ өглөөнийхтэй яг адил дүрмээр үргэлжилж дуусаад жижиг хоёрын “өдрийн унтлага” хэмээх дайнаас өөрцгүй үйл хэрэг эхэлнэ.  “Унтаад босоход нь ээж нь шагнана” хэмээн аргадаж гуйж арайхийж хэвтүүлээд өөрөө унтсан дүр үзүүлж хөдлөх ч эрхгүй дэргэд нь баахан хэвтэнэ. Чилж үхдэгийн даваан дээр өнөөх хоёр арайхийн унтсан байна. За энэ завшааныг ашиглаад жоохон унтаад авья хэмээн нүдээ аниад хэвтэх ч угаалгын машинаас гарсан индүүдэгдээгүй хувцаснууд татаж чангаагаад эрхгүй босно доо. Сэрүүн байхдаа сахилгагүйтэж уур хүргээд байдаг “дайсны цэргүүдээ” хацраа булцайлган унтаж байгаа эгдүүтэй төрхийг жоол харж сууж байгаад босож индүүтэйгээ нягт нөхөрлөнө. 

ОРОЙ… 

Ингээд оройн хоолны цаг болохын алдад бодож бодож бас нэг ойрд давтагдаагүй нэг хоол сонгож хийнэ. Нөхөр, хүүхэд сайхан амттайг нь гайхан идэж “миний ханийн дэргэд мастер тогооч юу юм бэ?” хэмээн магтахад өнөөх ээжийн ядаргаа хийсэн одож, бөөн хөөрсөн амьтан бөөгнөрсөн сав суулгаа үрчихсэн зогсож байна шүү дээ.  

   

( Дандаа хоосон магтахгүй ээ, гэнэтийн ийм бэлэг байнаа байна)

Тараасан тоглоом, шидсэн оймс, өмд цамцуудыг өөд уруугүй цуглуулсаар ашгүй орондоо орох цаг иржээ. Эцэж цуцсан биеэ чирсээр шүдээ угаахаар толины өмнө зогстол “ээ бурхан минь, Энэ хэн бэ?” гэмээр зүс царайтай л хүн  өөдөөс харж байх нь тэр. Нээрээ хүн яахаараа гэртээ байх тусмаа ийм гэр оронгүй юм шиг царайтай болоод байдаг байна даа. 

Маргааш түүний маргааш яг ийм өдөр давтагдана гээд бодохоор яс хавталзах гэвч, удахгүй аюулт өвчин дуусаж, үсээ намируулаад өндөр өсгийтэй өмсөөд алхана гэж бодохоор цээж уужирна. Бяцхан үрсийнхээ хэзээ ч ахиж давтагдахгүй хором мөч бүртэй хамт байлгасан цаг хугацаанд талархана. 

Ингээд өрөөндөө ороод тайван гэгч нь унтаж  буй нөхрөө хараад “За яахав чамайг олон хүүхэдтэй аавын нэг өдрийг үзүүлнээ” хэмээн хоржоонтой бодол тархинд харван орж ирэхтэй зэрэгцэн хөх инээд хүрнэ.

 

Ай карантинд орсон олон хүүхэдтэй ээжийн амьдралаа гэж хөгжилтэй ч юм шиг…  

 

Сэтгүүлч У.Дашбат

Таны сурталчилгаа