Зөвлөлтийн хүүхдийн дууны од Сергей Парамоновын эмгэнэлтэй хувь заяаны түүхийг энд өгүүлье. Тэрээр 1961 оны 6-р сарын 25-нд Москва хотын Перовский дүүрэгт төржээ. Эцэг Парамонов Владимир Сергеевич слесарь, ээж Парамонова Людмила Сергеевна цэвэрлэгч хийдэг эгэл жирийн гэр бүл байв.
Тэрээр дунд сургуульд байхдаа дуулах авьяас нь тодорч улмаар 1971 оноос Большой найрал дууны чуулгад дуулж эхэлсэн байна. Тэр Зөвлөлтийн хамгийн үлгэр жишээ пионер байв. Сергей Парамонов “День рождения”, “Гену и Чебурашка”, “Глубой вагон”, “Антошка”, “Улыбка” зэрэг олон дууг гайхалтай өвөрмөц хоолойгоор амилуулсан юм.
Төр засгаас түүнд ямарч шагнал урамшуулал өгч байсангүй тэр ч нэхэж байсангүй. Зөвхөн дуунаас маш их баяр баяслыг олж авч байжээ. Гэвч 1975 оноос түүний дуулах чадвар алдагдаж, хоолой нь өвдөх болжээ. Тэр цагаас хойш тэрээр ахин тайзан дээр гарах боломжгүй болжээ. Гэсэн ч Сергей олон жилийн дараа жижиг хамтлагт дуулах болж улмаар ресторанд дуулж бага сага мөнгө олдог болжээ. Харамсалтай нь түүний амьдрал дардан байсангүй тэрээр гэр бүлээсээ салж архинд орж гундаж явсаар 1998 онд 37 насандаа өөд болсон юм.