Цаг үеийн мэдээ

Зам, тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 5/19 тоот тушаалаар Иргэний нисэхийн ерөнхий газрын харьяа “Иргэний нисэхийн үндэсний төв”-ийн даргаар Пүрэвжавын Мөнхжаргалыг томиллоо.

П.Мөнхжаргал нь 1996 онд ОХУ-ын Красноярскийн нисэхийн дунд сургуулийг Нислэгийн удирдагч, 2008 онд ОХУ-ын Санкт-Петербургийн нисэхийн дээд сургуулийг Нислэгийн хөдөлгөөний удирдагч, инженер мэргэжлээр төгсч ИНЕГ-ын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд нислэгийн удирдагчийн туслахаас эхлэн албаны дарга хүртэл 20 гаруй жил ажилласан бөгөөд ИНҮТ-ийн даргаар томилогдохоосоо өмнө тус төвийн Агаарын навигацийн үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан юм.

ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЗТХ-ийн сайдын тушаалыг танилцуулах үеэрээ нисэхийн салбар дотроосоо, салбартаа олон жил ажилласан хүн томилогдож байгаад баяр хүргээд ажлаа хүлээж авсан энэ цаг мөчөөс эхлэн 2020 оныг зам, тээврийн салбарыг “Сахилга-хариуцлага, хөдөлмөрийн аюулгүй байдлын жил” болгон зарласан ЗТХ-ийн сайдын тушаалыг ягштал хэрэгжүүлж, шинээр томилогдсон газартаа сахилга хариуцлага, ажлын цаг ашиглалтыг дээд зэргээр чандлан сахиулж ажиллахыг үүрэг болголоо.

Таны сурталчилгаа