Өнгөрсөн 3 дугаар сарын 27-нд коронавирусийн халдвар авсан нь тогтоогдсон Их Британийн Ерөнхий Сайд Борис Жонсон эрчимт эмчилгээнээс гарч энгийн тасаг руу шилжсэн байна.
Энэ жил 55 настай Борис Жонсон өөрийгөө тусгаарлан гэрээрээ эмчилгээ хийлгэж байсан боловч өнгөрсөн ням гарагт хуурай ханиалгах, өндөр халуурах шинж тэмдэгтэйгээр Лондоны Сент-Томас эмнэлэгт очсон юм.
Гэвч маргааш өдөр нь буюу даваа гарагт түүний биеийн байдал хүндэрсэн тул эрчимт эмчилгээний тасагт шилжсэн юм.
Харин одоо түүний биеийн болон сэтгэл санааны байдал сайн байгааг хэвлэлийн төлөөлөгч нь хэлсэн байна. Энэ мэдээг сонсоод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Маш сайхан мэдээ байна. Ерөнхий Сайд Борис Жонсон дөнгөж сая эрчимт тасгаас гарсан байна” хэмээн твиттертээ жиргэжээ.
Борис Жонсоны хүсэлтээр эмнэлэгт байх хугацаанд нь шаардлагатай тохиолдолд гадаад хэргийн сайд Доминик Рак түүнийг орлож, ерөнхий сайдын албан тушаалыг нь түр хугацаанд хашиж байгаа юм.
Дашрамд сонирхуулахад Их Британийн Ерөнхий Сайд Борис Жонсоны сүйт бүсгүй Кэрри Саймондс одоо 7 сартай жирэмсэн юм.