Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь Үндэсний аюулгүй байдлын чухал хэсэг бөгөөд төрөөс баталсан бодлого, хууль тогтоомж, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд, тэдгээрийн хэрэгжилтээр хангагддаг. Хүнсний сүлжээний бүх үе шат дахь хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч өөрийн үйлдвэрлэж байгаа хүнснийхээ эрүүл, аюулгүй байдлыг хангаж ажиллах, ингэснээр хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх үндсэн үүргийг хүлээдэг. Үүний үр дүн нь хэрэглэгчийн сэтгэл ханамжаар буюу зах зээл дээрх бүтээгдэхүүний эрэлт, нийлүүлэлтээр илэрхийлэгддэг.
Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал нь салбарын төрийн, төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдааг шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, үйлдвэрлэгчдийн нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй үйл ажиллагаа, хэрэглэгчийн мэдлэг мэдээлэлтэй байх зэрэг хүн бүрийн оролцоогоор хэрэгжих учиртай.
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл өндөр хөгжсөн орнуудад газар тариалангийн үйлдвэрлэл, түүн дотор жимс, хүнсний ногооны анхан шатны үйлдвэрлэлд зохистой дадлыг нэвтрүүлэх замаар ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангуулдаг байна.
Монгол Улсын Их Хурлаас 2012 онд баталсан “Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай” хуулийн 7.1 дэх хэсэгт Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч нь үйлдвэрлэлийн төрлөөс хамааран хөдөө аж ахуйн, эрүүл ахуйн, үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлэхээр заасан. Үүний дагуу Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас хэрэгжүүлж буй Бүрэлдэхүүн хэсэг 4 “Эрх зүйн орчин” төсөлтэй хамтран ажиллаж, “Жимс жимсгэнэ, хүнсний ногооны үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг хялбаршуулан нэвтрүүлэх заавар”-ыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн болон Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/166, А/251 дүгээр хамтарсан тушаалаар батлуулаад байна.
Хөдөө аж ахуйн зохистой дадал нь хүнсний аюулгүй байдлыг хангах дадал, байгаль орчныг хамгаалах дадал, ажилчдын эрүүл мэнд, аюулгүй байдал, нийгмийн халамжийг сайжруулах дадал, бүтээгдэхүүний чанарыг эрхэмлэх дадал гэсэн 4 үндсэн хэсгээс бүрдэж байгаа.
Хөдөө аж ахуйн зохистой дадлын зааврын зорилго нь жимс, хүнсний ногооны үйлдвэрлэлд хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад оршино. энэхүү хялбаршуулсан зааврыг жимс, хүнсний ногоо үйлдвэрлэл (анхан шатны үйлдвэрлэл эрхлэгч)-д хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлэх, баталгаажуулах, гэрчлэх тэмдэг хэрэглэхэд дагаж мөрдөх юм. Тариалан эрхлэгч нь үйл ажиллагааны онцлогоос хамааран зохистой дадлыг бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нэвтрүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, тариалалтаас өмнөх, тариалалтын үе, ургамал ургалтын үе, ургац хураалт, хадгалалт, савлалт, тээвэрлэлт зэрэг хүнсний анхан шатны үйлдвэрлэлийн аль үе шатыг хамарч үйл ажиллагаагаа эрхэлж байгаагаас шалтгаалан технологи, ургамал хамгаалал, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй байдал, хүрээлэн буй орчинд тусгайлан тавьсан шаардлагуудыг мөрдөж ажиллана гэсэн үг.
Мөн Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлснийг гэрчлэх тэмдгийн загварыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-321 дүгээр тушаалаар баталсан. Хөндлөнгийн баталгаажуулалтын байгууллага тариалан эрхлэгчийн газар тариалангийн үйлдвэрлэлд хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлснийг баталгаажуулна. Хөдөө аж ахуйн зохистой дадлыг нэвтрүүлснийг баталгаажуулснаар тариалан эрхлэгч өөрийн бүтээгдэхүүний сав баглаа боодол, хаяг шошгондоо гэрчлэх тэмдгийг хэрэглэх эрхтэй болох юм. Өөрөөр хэлбэл, уг гэрчлэх тэмдгээр тухайн тариалан эрхлэгч үйлдвэрлэлээ хүрээлэн буй орчинд ээлтэй, хүн, мал, амьтны эрүүл мэндэд халгүй технологиор явуулсан, хүнсний бүтээгдэхүүний эрүүл, аюулгүй байдлын шаардлагыг хангаж үйлдвэрлэсэн гэдгийг хэрэглэгчид хялбар таних боломжтой болж байна гэсэн үг.