Байгалийн тэнцвэрийн пирамидын орой бол чоно юм. АНУ–д хүний буруутай үйлдлээс шалтгаалж чоно нь устаж үгүй болж, газар нутгийнх нь эко-тэнцвэр алдагдаж эхэлжээ. Харин 1995 онд Америк улс Йеллоустон парк хэмээх үзэсгэлэнт, дархан цаазат газартаа 14 чоно авчирч нутагшуулжээ. Йелловстоун үндэсний цэцэрлэгт хүрээлэн нь 1872 оны гуравдугаар сарын 1-нд үүсгэн байгуулсан америкийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн юм. Дэлхийн хамгийн эртний цэцэрлэгт хүрээлэнд түүний геотермийн эх үүсвэрүүд болох гейзэр болон буцлам халуун булаг мөн зэрлэг ан амьтан болох бизон (америкийн сарлаг), гриззли баавгай болон чоно элбэгээрээ алдартай юм. 1978 онд энэ цэцэрлэгт хүрээлэнг ЮНЕСКО дэлхийн өвд бүртгэн авсан юм.
Ийнхүү хэдхэн жилийн дараа тэдгээр чонын удам хэдэн зууд хүрсэн бөгөөд байгалийн бүх зүйлд тэнцвэрт горимдоо орж өөрчлөгдөн сэргэж байгааг цэцэрлэгт хүрээлэнгийн иргэд ам уралдан бахархан ярьж байна.
Америкчууд эхлээд 1995 онд 14 чоно шинээр нутагшуулахдаа ийм үр дүнд хүрнэ гэж огт ч бодоогүй аж. Чоно ирж суурьшсанаар нүцгэрчихсэн байсан газруудаар мод ургамал ихээр ургаж эхэлсэн байна. Мод ургамалтай болсноор жимс, цэцэг ургаж, шавьж ихэссэн байна. Үр дүнд нь, янз бүрийн шувуу, минж гэх мэт амьтад эргээд иржээ. Мөн минжний байгуулсан далан нь булга, халиу, болон бусад мөлхөгчид ороод ирэх таатай нөхцөл болсон гэнэ.
Нутагшуулсан чононууд тэнд байсан цөөвөр чононуудыг устгасан нь оготно, туулайн өсөлтөнд эерэгээр нөлөөлсөн байна. Үр дүнд нь жижиг амьтдаар хооллодог үнэг, үен, харцага шувуунууд нүүгээд иржээ. Бүргэдийн тоо толгой ч ихсэж. Цаашилбал байгаль дэлхий бүр сонирхолтой бэлгүүдийг барьжээ. Амьтдын хоорондын тэнцвэрээс гадна өвс ургамлын ачаар голын эрэг хурдан элэгдэх нь зогсож, хэлбэр дүрс нь тогтворжиж, улмаар сувгууд нарийсч, жижиг нуур цөөрмүүд бий болж эхэлсэн гэнэ.
Чоно бол зүгээр нэг хиймортой араатан биш, тэрээр эко тэнцвэр болон геосистемийн гинжин холбооны гол зангилаа юм. Тэд “идэш тэжээлийн суваргын оройд байрладаг ангууч”-ын үүргийг гүйцэтгэдэг. Тухайлбал, тал хээр, уулын хээрийн экосистемд чоно нь гөрөөс, оготно, зурам зэрэг зүйлүүдээр идэшлэж тухайн зүйлүүдийн сүргийн тоо толгойг зохицуулж, бэлчээрийн хомсдол, элдэв халдварт өвчнөөс сэргийлж чаддаг.
Чоно өвчтэй, сул дорой бодгалиудыг хамгийн түрүүнд барьж иддэгээрээ популяцийг элдэв халдварт өвчинд нэрвэгдэх, халдварлан дамжуулах эрсдэлийг бууруулдаг. Өөрөөр хэлбэл чоно болон мах идэшт амьтад “байгалийн эмч”-ийн үүрэг гүйцэтгэдэг юм.