Алдрай бяцхан үрсээ номын шидэт ертөнцөөр аялуулж, ном унших зөв дадал хэвшлийг сургахыг хүсэгч аав, ээжүүддээ зөвлөе!
Юуны өмнө бага насны хүүхдүүддээ уншуулах номуудад анхаарал хандуулах энгийн таван арга байдаг.
Нэгдүгээрт. Та гэртээ номын булантай болоорой! Эцэг эхчүүд хүүхдээ номд шимтсэн хүн болгохын тулд номын булан чухал ач холбогдолтойг төдийлөн анзаардаггүй. Хүүхдийг өөрийнх нь өмчний номын булантай болгож, өөрөөр нь арчлуулж байвал таны хүүхэд эрхгүй номд анхаарлаа хандуулж эхэлнэ.
Хоёрдугаарт.Өөрт нь зориулж тохижуулсан номын буланд нь нас биеийнх нь онцлогт тохирсон, анхаарал татах номыг сонгож өгнө. Ном сонгохдоо хүүхэдтэйгээ хамт номын дэлгүүр орж, өөрийнх нь хүслийг харгалзах ёстой. Ингэснээр таны хүүхэд өөрийн сонгож худалдаж авсан номыг маш их хайрлаж гамнах болно. Энэ нь номоо унших эхлэл юм шүү.
Гуравдугаарт.Номын булангийнх нь дэргэд номоо уншаад сууж байхаар тав тухтай бяцхан буйдан эсвэл зөөлөн сандал тавьж өгөөрэй. Аав ээжүүд бидэнд ч тухтай сайхан орчин гүн сэтгэгдэл үлдээдэг шүү дээ.
Дөрөвдүгээрт.Шинэхэн худалдаж авсан сайхан номоо эцэг эхчүүд та бүхэн цаг сэтгэл, тэвчээр гарган хүүхэдтэйгээ орой бүр тавхан минут хамтдаа уншаад, утга агуулгыг нь ярилцаарай. Дасгалжуулагч хүн тамирчинтайгаа тулж харьцдаг шиг та ч бас хүүхэддээ тусгайлсан цаг завыг зориулж байгаарай.
Тавдугаарт.Ердөө ганцхан сар л тасралтгүй хүүхэдтэйгээ ажиллахад таны хүүхэд номд үнэн сэтгэлээсээ шимтэн татагдаж, өөрийн төсөөллийн ертөнцөөрөө ханатлаа зугаалж, зурагт, PC тоглоом, утаснаас бүрэн ангирч чадна. Ном уншиж дадсанаар хүүхэд сэтгэлгээний ертөнцөө задалж сурна.
Хүн бүр л үр хүүхдээ эрүүл энх сайн сайхан өсөн торниж, эх орондоо ард түмэндээ хүндлэгдсэн зөв хүн болохыг хүсдэг. Энэ бүгдийн суурь нь аав ээж та бидний тэвчээр идэвх зүтгэлтэй шууд холбоотой юм. Ингээд ирээдүйн нобелийн шагналтнууд, олимпын аваргуудыг төрүүлэх аав ээжүүддээ амжилт хүсье.