Манай улсын хувьд цар тахлыг дотооддоо алдаагүй дэлхийн 12 улсын нэгт багтаж байна. Одоогийн байдлаар 315 хүнээс халдвар илэрсэн нь гадаадаас зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол байгаа юм. Есдүгээр сарын 11-нд 12 дахь удаагийн эрсдлийн үнэлгээ хийхэд “өндөр эрсдэлтэй” гэж дүгнэжээ. Манай улсад цар тахал тархсан тохиолдолд нэг хүн 1-2 хүнд халдвар тараах эрсдэлтэй аж. Нийт хүн амын нэг хувь болох 32 мянган хүн халдвар авах эрсдэлтэй бөгөөд таван мянга орчим хүн маш хүнд хэлбэрээр тусах эрсдэлтэй байна. Өнөөдрийн байдлаар 2500 гаруй ажиллах хүчнийг гаднаас оруулж ирээд 21 хоног тусгаарласан. Түүний 30 орчим хувь нь газрын тосны салбарт ажилладаг ажээ.