Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны “Эмээлт”-ийн даваанд Зам тээврийн осол гарсан гэх дуудлагыг Аравдугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид хүлээн авчээ. Осол 14 цаг 20 минутанд гарсан байна.
Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 25 км зам туулан 14:50 цагт очиход Хүй долоон худгаас Улаанбаатар хотын чиглэлд иргэн Ч-ийн жолоодож явсан QV-25 загварын автокран нь 2 суудлын автомашин, 2 бага оврын ачааны автомашин (Портер), 1 том оврын ачааны автомашин (Норд бенз)-ыг мөргөсөн байжээ.
Нийт 10 хүн бэртэж гэмтсэн бөгөөд найман хүнийг ЯТТТ-д хүргэсэн бол автокраны жолооч иргэн Ч /58 настай, эрэгтэй/, “Аксент” загварын суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б/31 настай, эмэгтэй/ нар автомашины эд ангид хавчуулагдан нас барсан тул цогцсыг гаргаж Цагдаагийн байгууллагад тус тус шилжүүлэн өгсөн байна.