Цаг үеийн мэдээ

 Ардчилсан нам УИХ-ын сонгуулиар дахин үнэмлэхүй ялагдал хүлээсний дараа дараагийн даргын асуудал хөндөгдөж эхэлсэн. Өмнөх дарга С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд өгөөд бусдын анхаарлыг татахгүй явах замыг сонгосон бололтой таг чиг байна. Олон нийт ч энэ намын дотоод дахь хөдөлгөөнийг сонирхож байгаа юм алга. Угаасаа үнэмлэхүй мэдэлтэй төрийнхөө хоёрдугаар үед орсон эрх баригчид ч уйдаахгүй байгаа хойно. Гэхдээ өнөөдөр л АН уруудан доройтож байгаа болохоос 2016 оны УИХ-ын сонгуулиас өмнө бол улс төрийн том, жижиг таван сонгуульд дараалан ялалт байгуулж “МАН-ыг газрын хөрснөөс арчина” гэж аархаж байсан улс төрийн хүчин шүү дээ. Тэгэхээр цаг хугацааны эргэлт дунд Монголын түүхийн тавцанд эргэж ирэх нь тодорхой. Тэгвэл тэр цагийг хэн хурдлуулж чадах вэ гэдэг асуулт гарч байна.

УИХ-ын сонгуульд ялагдсаны дараа АН-ынхан орон нутгийн сонгуулийн өмнө нам дотроо бужигнахгүй байх сонголт хийж байлаа. Намын даргыг түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан, нийслэлийн АН-ын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгч Д.Пүрэвдаваа нарын удирдлага дор дараагийн сонгуульдаа ханцуй шамласан даа. Орон нутгийн сонгуулиар энэ нам найман аймаг, нэг дүүрэгт олонх болсон. Энэ бол АН шиг том намын хувьд амжилт биш. Тиймээс эдгээр түр орлон гүйцэтгэгчид хариуцлага хүлээж таарна. Хамгийн энгийндээ эд нар жинхлэх талаар санаархах аргагүй болсон гэсэн үг.

Нөгөө талаас хойтон жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Түүнээс урьтаж энэ он дотроо багтаж АН шинэ удирдлагаа сонгож, жигдэрсэн байх учиртай. Нийтэд ил гараад, хэвлэлээр үг дайгаад байхгүй байгаа болохоос биш дотооддоо багагүй л дуулиантай байгаа бололтой юм. Нэг хэсэг “Лу.Болд болох юм гэнэ” гэж шуугилаа. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин нарын нэр гараад байв. Харин сүүлийн өдрүүдэд тус намын дотоодод яригдаж байгаагаар бол эдгээр нэр дэвшигчдээс илүү “Нэг ардчилал”-ын хэмээх Лу.Гантөмөр илүү магадлалтай байгаа гэнэ. Л.Болдын хувьд Ерөнхийлөгч Х.Баттулгын зөвлөхөөр ажиллаж, сонгуулийн дараа уугуул намдаа байраа ашиглуулж байгаа нь олны анхаарлыг татсан байж магадгүй. Гэвч яг намын дарга болох дээрээ тулах юм бол ШИНЭН-ыг байгуулалцаж УИХ-ын сонгуулиар АН-д төвөг болсон нь сөхөгдөж таарна. О.Амартүвшингийн тухайд залуу, сайн менежер боловч намд байгуулсан гавьяа бараг үгүй. Товчхондоо, хүлээн зөвшөөрөгдөх тал дээр асуудал үүснэ. Муу яваа ч гэсэн АН бол гурван цагийн залгаас ярих хэмжээний том улс төрийн хүчин мөн гэдэг өнцгөөс харвал шүү дээ.

Иймээс Л.Гантөмөр гэдэг хувилбар нь илүү дөхөм сонсогдоод байгаа юм. Саяхан намынхаа гишүүнчлэлийг сэргээсэн Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийн дэмжлэгийг ч авч байгаа бололтой. Ер нь ирэх жилийн сонгуулиа, цаашилбал намынхаа эрх ашгийг, бүр алсдаа улс орноо бодвол АН нэгдэж нягтрах учиртай. Энэ асуудал ирэх жил АН-ыг төлөөлж Ерөнхийлөгчид нэр дэвших дээр хамгийн өндөр магадлалтай Ерөнхийлөгч Х.Баттулгад ч хамаатай. Хэрвээ сонгуульд амжилттай оролцоё гэвэл Ц.Элбэгдоржоосоо эхлээд бүх хүнтэй эвлэлдэх л болно. Тэр дунд гүүр болгож дундын хувилбараар Л.Гантөмөрийг сонгож болох талаар АН-ын эх сурвалж хэлж байна. АН-ын хувьд МАН-аас ялгаатай нь анхнаасаа таван намын нэгдэл юм. Тийм болохоор нам дотроо фракцууд нь их нөлөөтэй. МАН хүчирхэг лидер дагаж нэгддэг бол АН фракцуудын эв зүйг зохицуулж чаддаг менежертэй байж урагшилдаг. Үүнийг хамгийн тод харуулсан он жилүүд бол Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбат нарын үе юм. Энэ өнцгөөс харвал Л.Гантөмөр боломжтой л хувилбар харагдаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

 

 

Таны сурталчилгаа