Орхон аймагт 2020 оны 10 дугаар сарын 23-24 нд Монголын мэс засалч эмч нарын холбооны XIII дугаар чуулган “Монголын мэс заслын тулгамдсан асуудлууд” сэдвээр 2 өдөр хуралдлаа. Хурал Эрдэнэт ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт аялал жуулчлалын цогцолборт боллоо. Чуулганд 18 аймаг, 3 хотын 280 мэс засалч, 5 Хөдөлмөрийн баатар, 20 гаруй Гавьяат, Төрийн шагналт эмч нар, эрдэмтэн доктор, академич нар оролцож, 30 эрдэм шинжилгээний илтгэл хэлэлцүүлж, шилдэг мэс засалч, шилдэг залуу мэс засалчдыг тодруулж, шилдэг эрдэм шинжилгээний бүтээл туурвисан илтгэгч нарыг шалгарууллаа.
Хурлын нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн ирж оролцлоо. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээллийн зөвлөх ирж уншиж сонордууллаа. УИХ-ын гишүүн Б.Бейсен, ЭМЯ-ны Сайд Т.Мөнхсайхан нар цахим мэндчилгээ хийж, Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал Орхон аймгийн мэс заслын албаны хөгжлийн тухай илтгэл танилцууллаа.
ММЗЭНХ-ны ТУЗ-ийг шинэчлэн сонгох хурал болж, уг зөвлөлийн төлөөлөн удирдах бүрэлдэхүүнд БОЭТ-ийн мэс заслын зөвлөх эмч, хүний гавьяат эмч Д.Лхагва шинээр сонгогдлоо.