“Хотулун гүнж” уран сайхны киноны тийзэр буюу товч танилцуулгыг цацсан байна. “Шүүдэр продакшн” түүхэнд Хотол цагаан, Хотулун гэж алдаршсан Сарангэрэлт гүнжийн тухай тулаант киног бүтээж байгаа юм. Өгөдэй хааны гуч охин Хотулун гүнжийн талаар алдарт аялагч Марко Поло шагшин биширч түүх сударт тэмдэглэн үлдээсэн байдаг. Италийн суут хөгжмийн зохиолч Пуччини “Турандот” дууриа Монголын Хотулун гүнжийн түүхээс сэдэвлэн бичсэн юм.
Хубилайг Хятад ёсонд оров хэмээн Хайду хаан илт давуу хөрөнгө, хүчний эсрэг 40 гаруй жил тэмцэхэд Хотулун гүнж эцэгтээ түшиг тулгуур болон манлайлан тулалдаж байсан билээ. Хотулун гүнж алтан ургийн бүсгүй боловч эгэл цэрэгтэй хайр сэтгэлээрээ гэрлэсэн содон түүхийн эзэн юм.
Хотулун гүнжийн дүрийг Оросын Театр урлагийн их сургуулийг төгссөн, залуу жүжигчин М.Цэрэндолгор бүтээж байгаа бол Ерөнхий найруулагчаар С.Баасанжаргал, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Л.Батбилэг нар ажиллаж байна.
Кино нээлтээсээ жилийн өмнө анхны танилцуулгаа түгээж байгаа нь Монголд анхны тохиолдол юм. Хотулун гүнж кино төсөлд Мобиком корпораци, шинэ үеийн VOO аппликэшн хамтран ажиллаж байна.
Дашрамд дурьдахад, Хятадын “Мулан” киног дэлхийн томоохон хэвлэлүүд хурцаар шүүмжилж, үлгэр домог биш үнэн бодит түүхт хүн, Чингис хааны үр удам Хотулун гүнжийн тухай бүтээл хийсэн бол амжилтанд хүрэх байсан гэж мэдээлсэн юм. Мөн Netflix компани “Марко Поло” цувралд монгол гүнжийн дүрийг Солонгосын жүжигчин Клаудиа Ким бүтээсэн ч ихээхэн шүүмжлэл дагуулж байсан билээ.