Гэмтэл Согог Судлалын Үндэсний төв /ГССҮТ/ Монголдоо анх удаа нэг өрөөний зохион байгуулалттай Европын стандартын эрчимт эмчилгээний тасгийг байгууллаа.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан болон албаныхан гэмтлийн тусламж, үйлчилгээг бусад лавлагаа, шатлалын эмнэлгүүдэд үзүүлж эхлэхтэй холбогдуулан тус төвд ажиллаж шинээр ашиглалтад ороод буй нэг өрөөний зохион байгуулалттай эрчимт эмчилгээний тасагтай танилцав.
Тус төвийн эрчимт эмчилгээний тасагт зургаан эмч, 22 сувилагч, найман туслах ажилтан ажиллаж байна. Тархины, мэс заслын болон хүүхдийн эрчимт эмчилгээний бие даасан хэсгүүдэд нийт 12 ор ажилладаг. ГССҮТ-ийн эрчимт эмчилгээний тасгийн хувьд зүрх болон тархины эрчимт эмчилгээг хавсран үзүүлдгээрээ бусдаас давуу талтай аж.
ГССҮТ-ийн Ерөнхий захирал Э.Галбадрах, “Бид эрүүл мэндийн салбарт нийтийн зохион байгуулалттай эрчимт эмчилгээний тасгийн бүтэц зохион байгуулалтыг өөрчилж, нэг өрөөний зохион байгуулалттай нэг үйлчлүүлэгчид чиглэсэн Европ стандартын бүтэц зохион байгуулалтыг анх удаа нэвтрүүлээд байна. Европ стандартын гол зорилго нь нэг үйлчлүүлэгчид нэг өрөө, нэг эмч, эмнэлгийн мэргэжилтэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд чиглэдэг онцлогтой. Ингэснээр дотоод халдвар тархах эрсдэлийг бууруулж, эмч, сувилагч нар үйлчлүүлэгчтэйгээ тулж ажиллах боломж нэмэгдэж байгаа юм. Эрчимт эмчилгээний өрөө бүр дотроо автомат ор, өвчтөний амин үзүүлэлтийг хянах мониторууд, автомат электрон тариур, зохиомол амьсгалын аппарат, агааржуулалтын систем, хяналтын камер зэрэг стандартын дагуу тоноглосон. Үйлчлүүлэгчийн өрөөнд байрлуулсан хяналтын камерын тусламжтай эмчлэгч эмч нь үйлчлүүлэгчийн ар гэрийнхэнд харагдах байдал болон биеийн байдлын талаар тусгай тоноглосон уулзалтын өрөөнд танилцуулдаг болсон. Ингэснээр хоёр талд сэтгэл ханамжийг бий болгохоос гадна эмнэлгийн үүдээр олон хүн цугларах шаардлагагүй болсон" гэлээ.
Гэмтлийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс эхний ээлжинд УНТЭ, УХТЭ, ТТАХНЭ, Баянгол дүүргийн ЭМТ-д нэвтрүүлэхээр бэлтгэл ажлууд хийж байгаа аж. Эрүүл мэндийн сайд болон албаныхан бэлтгэл ажлын явцад шаардах асуудлуудыг шийдвэрлэхээр болсон байна.