Цаг үеийн мэдээ

“Дугуйн өдөр”-ийг бямба гарагт /2020.10.31/ дугуйн парад, уулын дугуйн бага насны хүүхдийн тэмцээн, өсвөр нас, сонирхогчид гэсэн гурван төрлөөр 4 дэх жилдээ зохион байгуулав.

 

Энэхүү “Дугуйн өдөр”-ийн зорилго нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан ажлыг хэрэгжүүлэх, иргэдэд унадаг дугуйн ач холбогдлыг сурталчлан таниулах, дугуйн спортоор хичээллэгчдийн тоог нэмэгдүүлэхэд чиглэжээ.

 


Өдөрлөгт УИХ-ын гишүүн, Монголын Дугуйн холбооны дэд ерөнхийлөгч Ц.Мөнхцэцэг, нийслэлийн Засаг даргын Инновац, технологийн хөгжил хариуцсан төслүүдийн удирдагч Д.Ихбаяр, Нийслэлийн Спорт хорооны дарга Ж.Ганболд, Монголын Дугуйн холбооны ерөнхийлөгч П.Ганхүү болон дугуй сонирхогчид болон тамирчид оролцлоо. 

 

 


Энэ үеэр Д.Ихбаяр: “Өнөөдрийн дугуйн гурван төрлийн тэмцээнд 300 гаруй дугуйчин оролцож байна. Иргэдэд дугуйн спортыг сурталчилж, эрүүл мэнддээ анхаарч, дугуйгаар хичээллэхийн ач холбогдлыг дугуйчид та бүхэн таниулж байгаад талархлаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумьяабазар дугуйчдыг дэмждэг, жил бүр зохион байгуулагддаг “Дугуйн өдөр”-ийг цаашид улам өргөжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.

 

МДХ-ны ерөнхийлөгч П.Ганхүү: “Дугуйн спорт сүүлийн жилүүдэд илүүтэй хөгжиж байгааг Улаанбаатар хотын удирдлагуудын санаачилгаар уулын зам, Налайхын замд маш олон дугуйн замыг тавьсан. Цаашид ч автозамыг дагасан дугуйн замыг байгуулна. Нийслэлээс бодлогоор дугуйн спортыг дэмжиж, хамтарч ажиллана гэдгээ илэрхийлсэн. УИХ-д дугуйн спортоор хичээллэдэг, дэмждэг лобби бүлэгтэй болох гишүүд байгаа. Иймд цаашдаа дугуйчдын ая тухтай зорчих нөхцөл боломжийг бүрдүүлнэ” хэмээн онцлов.

Таны сурталчилгаа