Дэлхийн олон сая хүмүүс цар тахалтай холбоотойгоор гэрээсээ ажиллах болсон. Ихэвчлэн гал тогооны өрөө, эсвэл буйдан дээрээ олон цагийг компьютерээ ширтэж өнгөрөөж байна уу?
Вакцин амжилттай болсон ч ахин олон сарын хугацаанд гэрээсээ ажиллаж магадгүй юм.
Их Британы эрдэмтэд цар тахал хүмүүсийн сэтгэцийн эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж буй талаарх судалгаа хийсэн бөгөөд урьдчилсан байдлаар тийм ч сайн гараагүй байна. Тодруулбал Их Британийн Архитекторуудын Хааны Хүрээлэнгээс явуулсан судалгаагаар "Цар тахал гарснаас хойш хүмүүсийн сэтгэлийн хямралын түвшин нэмэгдсэн, мөн гэрээсээ ажиллах нь тэднийг илүү их стресст оруулсан" гэж гарчээ.
Тэгвэл бид гэртээ илүү аз жаргалтай байхын тулд юу хийж болох вэ?
Бүх хөшгөө нээ, өглөө, өдрийн нарны гэрлийн ашиг тус асар их
Зургийг: BBC.COM
Зөвлөх сэтгэцийн эмч доктор Т.Б.Б.Саламурали "Хүн болгоны дотоод ертөнц өөр өөр байдаг. Гэвч нарны гэрэл, цэвэр агаар нь таны сэтгэцийн эрүүл мэндэд маш сайн нөлөөтэй юм. Нарны гэрэл нь тархинд серотонин даавар ялгаруулдаг. Энэ нь хүмүүсийг тайвширч, анхаарлаа төвлөрүүлж, сэтгэлийн хөдөлгөөнийг нэмэгдүүлж, сэтгэлийн түгшүүрийг бууруулдаг" гэжээ.
Архитектор Бен Чаннон "Өглөө, өдрийн гэрлийн ашиг тус асар их. Нарны гэрэл бол бидний эхлэх орон зай юм. Учир нь энэ нь бидний орон зайг мэдрэх мэдрэмж, нойрыг зохицуулахад маш их нөлөө үзүүлдэг" гэсэн байна.
Цэгцтэй байх
Судалгаагаар эмх замбараагүй байдал нь стрессийн даавар болох кортизолын түвшинг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Суррейн их сургуулийн хүрээлэн буй орчны сэтгэл судлаач доктор Элеонора Ратклифф: "Кортизол ихэсвэл сэтгэлийн түгшүүр, сэтгэлийн хямрал, толгой өвдөх, нойргүйдэх зэргийг үүсгэх аюултай байдаг. Тиймээс та өөрийн боломжоороо гэрээ цэвэрлэж, цэгцтэй байснаар ажлын үр бүтээл өндөр байх болно" гэжээ.
Дасгал хөдөлгөөн
Дасгал хөдөлгөөн нь стресс тайлах, бие махбодийн болон оюун санааны эрч хүчийг нэмэгдүүлэх, эндорфин ялгаруулах байгалийн гаралтай эмчилгээ юм. "Ажилдаа ирж, очих нь олон хүний даралтыг бууруулдаг" гэж Их Британийн сэтгэл судлалын нийгэмлэгийн гишүүн, профессор Гэйл Кинман хэлсэн байна. Тиймээс байнгын суугаад байлгүй босч алхах, дасгал хийх нь нэн чухал ажээ.
Ургамал
Ургамал нь цусны даралт, сэтгэлийн түгшүүр, стрессыг бууруулах, анхаарал, ой санамжийг сайжруулах зэрэг олон талын давуу талтай байна.
Доктор Ратклифф "Олон цагаар суугаагаар ажиллаж ядарсан танд байгалын обект буюу тасалгааны цэцэг, ургамлууд хамгийн их туслах болно" гэжээ.
Эх сурвалж: BBC.COM
#Коронавирусийн #эсрэг #хамтдаа