Цаг үеийн мэдээ

УИХ-аар батлагдсан ЭМ-ийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсноор, 11-р сарын 1-ны өдрөөс улсын хэмжээнд бүх эмийн сангаар хөнгөлөлттэй эм олгохоор болсон. 

Ингэхдээ ЭМД-ын Үндэсний зөвлөл 141 ерөнхий нэршлийн 522 худалдааны нэршлийн эмийг 30-70 хувь хөнгөлөхөөр шийдвэрлэсэн. Ингэхдээ эмийн жагсаалыг олон улсын аргачлалын дагуу хүн амын дунд зонхилон тохиолддог өвчний үед хэрэглэдэг эмийг даатгалын хөнгөлөлтөд оруулсан.   Мөн хөнгөлөлттэй эмийн цахим жорыг бүх шатлалын эмнэлэгийн эмч, мэргэжилтнүүд харьяалал харгалзахгүй бичдэг болсон. Ингэснээр орон нутгийн харьяат иргэн нийслэлээс эмээ бичүүлж авах бүрэн боломж нээгдэж байна.

Эмч нар цахимаар эмийн жор бичнэ. Цахим жор нь долоо хоногийн хүчинтэй. И-баримт олгодог, интернэтэд холбогдсон бүх эмийн сан 11-р сарын 2-ноос хөнгөлөлтэй эмээр үйлчилнэ. Хөнгөлөлттэй эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөнгөлөлттэй эм авах санхүүжилтийг нэмэгдүүлсэн. Тэгэхээр иргэд сарын өмнө олноороо дугаарлан бие биедээ хүндрэл үүсгэх хэрэггүй болсон. Эмч жор бичсэн бол сарын аль ч үед эмийн санд очиж хөнгөлөлттэй үнээр эмээ авах боломжтой гэлээ. 

Улмаар бүх шатлалын эмнэлгийн эмч мэргэжилтнүүд 2020 оны 11 дүгээр сарын 2-ноос 2021 оны 1 дүгээр сарын 25 өдөр хүртэлх хугацаанд 523,084 цахим жор бичжээ.

Харин цахим жорын 49 хувийг “Даралт бууруулах” эм эзэлж байгаа аж. Өрхийн эрүүл мэндийн төв /ӨЭМТ/-үүдийн эмч нар жор бичихдээ тухайн эмийг үйлдвэрийн нэршлээр бус ерөнхий нэршлээр бичих, үйлчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн, хяналтын талаар мэдээлэл өгч байхыг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байна. 

Таны сурталчилгаа