Цаг үеийн мэдээ

Ховд аймгийн Буянт сумын Өгөөмөр багийн “Хөх булангийн гүүр” гэдэг газар шатахуун тээвэрлэж явсан автомашин онхолдсон тухай дуудлагыг хоёрдугаар сарын 25-ны өдрийн 07:45 цагт ОБЕГ хүлээн авсан байна.

Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 23 алба хаагч, Цагдаагийн газрын 2 алба хаагч, Засаг даргын Тамгын газрын 4 ажилтан, Мэргэжлийн хяналтын газрын 2 ажилтан, Байгаль, орчин аялал, жуулчлалын газрын 2 ажилтан, эмнэлгийн байгууллагын 2 ажилтан, “АЗЗА” ХХК-ийн 8 ажилтан, ар гэрийн 2 иргэн, нийт 45 хүн, 9 автомашинтай 25 км замыг туулан 08:53 цагт очсон байна.

Баян-Өлгий аймгаас Говь-Алтай аймгийн чиглэлд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /40 настай, эрэгтэй/, туслах жолооч  Сонгинохайрхан дүүргийн харьяат М /38 настай, эрэгтэй/ нарын жолоодож явсан “Хово” загварын шатахуун тээврийн автомашины жолооны хүрд ажиллагаагүй болсны улмаас онхолдсон байсан.

Иргэн М-ийг Баруун бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Яаралтай тусламжийн төвийн их эмчид хүлээлгэн өгсөн. Тус автомашинд 39 тонн дизель түлш ачиж явснаас 33 тонн дизель түлшийг автомашинд шилжүүлэн ачиж, автозамын зорчих хэсэгт асгарсан 6 тонн дизель түлшийг элс асгаж цэвэрлэсэн байна.

Таны сурталчилгаа